Арын сайхан хангай аялал

TIME TO TRAVEL / ЗРМ За Рулём
2018 оны 07 сарын 05

Бид арван жилийн анд найзуудаараа жил бүр эх орныхоо үзэсгэлэнт газраар аялж байхаар тохиролцоод 2016 оны зун Toyota RAV4, Land Cruiser Prado хөлөглөн Архангай аймаг руу зүглэлээ. 

1. Тэрхийн цагаан нуур

Маршрутын дагуу Хоргын тогоо өнгөрөн уулынхаа бэлийг дагаж явсаар өндөр хайрханыг давахад хөхрөн харагдах Тэрхийн цагаан нуур дээр ирлээ. Байгалийн өнгө үзэмж, агаарын тансаг үнэрийг үгээр илэрхийлэхэд ч багадмаар үлэмж тансаг нутаг юмаа. Далайн төвшнөөс дээш 2060 метрт нийт 60 км2 талбайг хамрах 20 метрийн гүн нуурын хөвөөнд ирээд энэ зуны аялалдаа бахдан, дурсамжаа зургаар мөнхрүүлж цааш хөдөлцгөөлөө.

2. Хоргын тогоо

9000 жилийн тэртээ дэлбэрсэн Хоргын тогоо. Үнэхээр өвөрмөц тогтоц, бүтэц гэж үүнийг л хэлнэ дээ. Зэрвэсхэн харахад хурц ирмэгтэй харласан чулууд галт уулын хайлмаг байх аж. Уулын тогооны амсар нь 50° налуу, 100 метр гүнзгий, 300 метр диаметртэй дугуй хэлбэртэй юм байна. Хүрмэн чулуун завсраар хуш модны самар, жимс жимсгэнэ элбэг ургажээ.

3. Тайхар чулуу

Уул өөд мацаж явсан бид тал дундах ганц цохиог зорилоо. Архангай аймгийн төв орох замд байх Тамирын голын эргийн ойролцоох 18 метр өндөр Тайхар чулуу бол яах аргагүй үзэх ёстой газрын нэг. Боржин цохиог давуулан чулуу шидэж чадвал бяр чадалтай хүүтэй болдог хэмээн нутгийнхан ярьдаг.

4. Цэнхэрийн халуун рашаан

цэнхэрийн халуун рашаан зурган илэрцүүд

Газрын гүнээс 1 секундэд +86.5°C 10 литр рашаан ундрах Цэнхэрийн халуун рашаан. Халуунаараа Монголд хоёрт ордог энэ рашаан нь хүхэрт устөрөгч, цахиурын нэгдэл агуулдаг тул булчин, үе мөчний өвчин, ил шарх, сорви арилгах, хуян хөөрөх, чихрийн шижин өвчтэй хүмүүст сайн нөлөөтэй гэнэ. Яаж зүгээр байхав, манай хэд хуян хөөрөхөөс эхлээд зовиур бий тул хүртээд авлаа.

5. Улаан цутгалан

Дараагийн зогсоол Улаан цутгалан. Гурван удаа гол гаталж, хурц ирмэгтэй чулуун замаар зүрх түгшин явсаар ирлээ. 20 гаруй метр өндрөөс 10 метр өргөн хүрхрээ унахыг хараад зогсохгүй сонсоход сүрдэм сайхан. 2016 онд бороо хур ихтэй байсныг ч хэлэх үү урсгалын хүч, хүрхрээний өргөн нэмэгдсэн байв.

6. Эрдэнэ Зуу хийд

Аялал эхэлснээс хойш бид Монголынхоо байгалийн гоо сайхныг биширсээр явна. Харин одоо өв соёл, сүсэг бишрэлийн төв Эрдэнэ Зуу хийдийг бахадна. 17-р зууны ноёд, язгууртнууд хэрмийн дотор өөрийн дугантай байхыг нэр төрийн хэрэг хэмээн үздэг байжээ. 1792 он гэхэд 62 сүм, 500аад барилга байшинтай, 10 мянган ламтай байсан бол өдгөө 18 сүм дуган, Хархорум хотын тууринаас олдсон чулуун хөшөөнүүд үлджээ. Жилдээ энд 20 мянга гаруй гадаад дотоод жуулчид ирдэг гэнэ.

7. Элсэн тасархай

Бид уул өөд өгсөж, тал газраар давхин, ус гаталсаар элсэн тасархайд хүрч очлоо. Хархориноос гараад Булган аймгийн Рашаант сум орох замд байрлах Архангай, Өвөрхангай, Булган гэсэн гурван аймгийн нутгийг дамнасан 80 км урт, 5-10 км орчим өргөн тархацтай элсэн манхан дээгүүр хөл нүцгэн алхаж эх дэлхийгээсээ эрч энерги авч үүгээр аяллаа дуусгалаа. Хэрвээ та олон хоногоор аялахаар төлөвлөсөн, за тэгээд гэрэл зураг дарах хоббитой бол энд хоноглоод явахыг зөвлөж байна. Бид ийнхүү үүх түүхээ мэдэж, учир шалтгааныг тайлсан аяллаа дуусган, ирэх жилийн аяллын маршрутаа ярилцсаар Улаанбаатарыг зорилоо.