Ерөнхий сайд хилийн зурвас, онцгой бүсэд танхайрахгүй байхыг хатуу анхааруулжээ

Орон нутаг / Time Admin
2018 оны 06 сарын 22

Ерөнхий сайд хилийн зурвас, онцгой бүсэд танхайрахгүй байхыг хатуу анхааруулжээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй тус сумын спорт танхимд уулзаж, хилийн цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа.

Сүүлийн өдрүүдэд Замын-Үүд суманд зорчигч, ачаа тээвэр эрхэлдэг иргэдийн дунд “гаальтай машин” хэмээн нэрлэгддэг “УАЗ-469” автомашин эзэмшигч, жолооч нарыг БНХАУ-ын Эрээн хилийн боомтоор нэвтрүүлэхгүй байгаа.Иймд жолооч нар болон хил, гаалийн ажилчид, хэв журам сахиулах цагдаагийн ажилчдын дунд үл ойлголцол үүссэн юм.

Ерөнхий сайд жолооч нарыг Хятадын талаас тавьж буй шаардлагыг биелүүлж, автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, өнгө, үзэмжээ сайжруулж, зорчигчдын аюулгүй байдлыг хангасан, олон улсын стандартад нийцсэн тээвэр эрхлэхийг уриалж, Зам Тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд ажлын хэсэг байгуулж богино хугацаанд арга хэмжээ авахыг үүрэг болголоо.

Иргэд, жолооч нарыг хилийн зурвас, улсын онцгой бүсэд танхайрахгүй байхыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хатуу анхааруулжээ. Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байж, хуулийн хүрээнд ажиллаж амьдрах үүргээ биелүүлж, эс дагаж мөрдсөн тохиолдолд цагдаа хариуцлага тооцож, дэг журам сахиж ажиллахыг санууллаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.