Б.Бат-Эрдэнэ: Тэдний бүхий л саналыг дэмжин, буулт хийхээс өөр яах ёстойгоо мэдэхгүй байна

Спорт / Time Admin
2018 оны 06 сарын 18

Бөхчүүдийн маргааны асуудлаар Дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбат мэдээлэл хийсний дараа Дархан аварга Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ.  

Тэрбээр “Намайг нэр дэвшүүлэхгүй гэсэн учир би нэрээ татна гэдгээ хэлсэн. Үүний дараа Бөхийн өргөө рүү дайрсан, хамгаалалтын ажилтнуудыг хөлслөн ажилласан үйл явдал болсон. Үүний дараа бид Захиргааны хэргийн шүүхэд хандсан.

“2002 оны дүрэм үнэн байна, 2002 оны Цэцдийн зөвлөл үнэн байна” гэж Х.Баянмөнх аварга хэлсэн. Бид үүнийг нь дэмжсэн. Буулт хийгээд, дэмжээд явсан. Тавдугаар сарын 3-нд Цэцдийн зөвлөлийн хурлаа хийсэн. Ганболд заанаар даргалуулаад хурлаа хийж, “Их эе”-ийн товоо гаргасан. Гэтэл Ганболд зааныгаа өөрсдөө хүлээн зөвшөөрөхөө больсон.

Үүний дараа Л.Чинбат гэдэг хүн аварга Г.Өсөхбаяртай уулзсан. Цэцдийн зөвлөлийн даргаар Ү.Хүрэлбаатарыг сонгох санал тавьсныг нь бид хүлээж авсан. Дараа нь нөгөө саналаа дахин өөрчилсөн. Х.Баянмөнх аваргыг тэргүүн болгож, Ү.Хүрэлбаатарыг Цэцдийн зөвлөлийн даргаар сонгоно гэснийг нь бас л дэмжсэн.  Тэдний дотоодын хагарлын улмаас бөхчүүд нэгдэж чадахгүй байна. Бүхий л саналыг нь дэмжихээс өөрөөр яах ёстойгоо би мэдэхгүй байна. Бөхчүүд бутарсан хагарсан зүйл байхгүй. Тэд яагаад ийм яриа гаргаад байгааг ойлгохгүй байна.