Хоёр ойтой хүүхдээрээ хурдан морь унуулсан аавд торгох “шийтгэл” ногдуулжээ

Орон нутаг / Time Admin
2018 оны 06 сарын 19

 

“Хоёр настай хүүхдийнхээ гуя, гэдсийг эмээлтэй нь хүлж, хурдан морь унуулсан аав”-ын талаар цахим орчинд мэдээлэл нийтлэгдэн, шүүмжлэл дагуулсан. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат нэгэн алдарат уяач зээ хүүгийнхээ үсний найрыг хийхдээ даанганы уралдаан зохион байгуулсан байна. Уралдаанд 100 орчим даага оролцож, 8 км замд уралджээ. Азаар, хоёр настай хүү барианы газарт эсэн мэнд ирсэн байна.

Уралдааны үеэр тухайн сумын малчин Н.Батсайхан хоёр ойтой төрсөн хүүгээрээ даага унуулан, уралдуулсан байна. Ингэхдээ дааганаас унахаас сэргийлж, гуя, гэдсээр нь эмээлтэй нь хүлжээ.

Нийгмийн сүлжээнд өрнөсөн шүүмжийн дагуу Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс тухайн аймгийн харьяа байгууллага руу чиглэл өгч, шалгалт явуулсан байна. Шалгалтын урьдчилсан дүнгээр  “Нэгдүгээрт, Дорнод аймгийн Засаг даргын хурдан морь уралдуулахгүй байх захирамжийг зөрчиж, даага уралдуулсан нь тогтоогдсон. Үүний дараа хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж, өөрийгөө хамгаалах чадваргүйг нь мэдсээр байж хүүхдийн амь насыг эрсдэлд оруулсан” нь тогтоогдсон бөгөөд хүүгийн аав Н.Батсайханд Зөрчлийн тухай хуулийн зургадугаар зүйлд зааснаар “Эрүүл мэнд, амь насанд аюултай тоглоом наадгайнд хүүхдийг татан оролцуулсан” гэх үндэслэлээр шийтгэл ногдуулсан байна. Уг шийтгэл нь ч олны шүүмжийг дагуулж байна.