Бөхчүүдийн барилдах эрхийг хассаныг хууль бус гэж шүүх шийдвэрлэжээ

Спорт / Time Admin
2018 оны 06 сарын 20

Үндэсний бөхийн томоохон цолтой бөхчүүд допинг хэрэглэсэн нь тогтоогдсон гэх асуудал бөхчүүд, бөх сонирхогчдын дунд маргаан дагуулсаар байгаа. Тэдний дундаас улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш нар “Допинг хэрэглээгүй. Бэртлээ эмчлэх зорилгоор эмчийн зааврын дагуу эм ууж хэрэглэсэн” хэмээн  мэдээлж байлаа.

Тэгвэл Улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш нар уг асуудлаар шүүхэд хандсан бөгөөд шүүх хурал өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхт болсон байна. Шүүх бүрэлдэхүүн "Бөхчүүдийн барилдах эрхийг хассан нь хууль бус" хэмээн шийдвэрлэжээ. 

Хуулиараа анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 14 хоногт багтан давж заалдах эрх бий. Гэхдээ давж заалдагч тал буюу Монголын үндэсний бөхийн холбоо гэх байгууллагын тамга тэмдгийг шүүх хүчингүй болгоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, шүүхийн өмнө хүчин төгөлдөр бичиг баримттай, давж заалдах чадамжтай холбоо байхгүй байна. Давж заалдах хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа мэдээллийг баттай эх сурвалж өгсөн.