Худалдаа, үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлээр 610 зөвшөөрөл олгоно

Нийслэл / Time Admin
2018 оны 06 сарын 29

Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт наадамчин олонд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан чанартай, соёлтой үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн  А/54 дүгээр тушаалаар “Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ зохион байгуулах, хяналт тавих тухай”  удирдамжийг баталсан.  

Удирдамжийн дагуу УБЗАА-наас холбогдох мэргэжлийн байгууллагууд, тухайлбал: НМХГ, НЦГ, НОБГ, дүүргүүдийн ЗДТГ, “Монгол наадам цогцолбор” Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газартай хамтран бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх болон Хүй 7 худагт худалдаа, нийтийн хоолны чиглэлээр үйлчилгээг хэрхэн явуулах талаар мэдээлэл өглөө.

Үндэсний их баяр наадмын үеэр Хүй долоон худагт хоол үйлдвэрлэл, үйлчилгээ /хуушуур/-ний 160 аж ахуйн нэгж, худалдааны 50 цэг, Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ /хуушуур/-ний 350 аж ахуйн нэгж, худалдаа, үйлчилгээний  50 цэгт зөвшөөрөл олгохоор тогтжээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 400 гаруй улсын байцаагч, хоёр явуулын лаборатори ажиллана. Энэ лабораториор айраг болон махнаас газар дээр нь дээж авч хяналт шалгалтыг хийх гэж байна. Хүй 7 худаг, Төв цэнгэлдэхээс гадна Д.Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн парк гээд нийт 5 цэгт улсын байцаагч нар ажиллана. Сонгон шалгаруулалтаар эрх авсан 610 ААН-д баяр наадмын өдрүүдэд ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах талаар зөвлөмж хүргүүлж байгаа. Хууль бус үйлчилгээ явуулах юм бол бараа бүтээгдэхүүнийг хураан авч, Зөрчлийн тухай хуулиар торгоно” хэмээн ярилаа.

Төв цэнгэлдэх хүрээлэнд: Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хүй долоон худагт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь  аж ахуйн нэгж, иргэдийн хүсэлтийг зургаадугаар сарын 13-27-ны өдрүүдэд хүлээн авч, сонгон шалгаруулалт хийхэд бэлэн болсон байна.

Хоол үйлдвэрлэл үйлчилгээ /хуушуурын үйлчилгээ/-нд онцгой шаардлага тавьж байгаа. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, стандартын шаардлага хангасан гал тогоо, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл,  мэргэжлийн ажиллагсадтай зөвхөн аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хүлээн авсан.

Сонгон шалгаруулалтыг дүүрэгт Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн даргаар ахлуулсан мэргэжлийн байгууллагууд явуулж, шалгарсан аж ахуйн нэгжүүдийн нэрсийн жагсаалтыг ирэх сарын 2-ны өдөр зарлах юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.