20 жилийн түүхтэй бөхийн галын сорилго наадмаас...

Спорт / Ц. Анхзул
2018 оны 07 сарын 02

Нар, хур тэгширсэн наадмын сорилго барилдаан

Дэлхий дэлэгнэх цагаар дэнж хотойтол нааддаг монгол түмний их баяр цэнгэл наадам болоход хэдхэн хоног үлдээд байна. Наадмаас наадмын хооронд хүчит бөхийн барилдаан, хурдан морьдын шандас юуг бахдан ярьсаар ирэх жилийн наадамтай золгодог түмэн олны хайр хүндлэлийг хүлээсэн бөхчүүд төрийн наадмынхаа бэлтгэлийг чамбайруулан нутаг нутгийнхаа галд гарчээ.

Төрийн наадмыг өнгөлөн барилддаг олон бөхчүүдээрээ алдартай Увс нутгийн бөхчүүдийн “Увс нуур”  галын наадмын сорилго барилдаан, галын наадам өнгөрсөн амралтын өдрөөр өргөн дэлгэр болж өнгөрлөө. Монголын ууган галуудын нэг “Увс нуур” гал үүсгэн байгуулагдсаны түүхт 20 жилийн ой энэ онд тохиож байгаа юм.

Увсын бөхчүүд уламжлал ёсоор  “Цонжин Болдог” жуулчны баазаас холгүй орших Харзтайд наадмын бэлтгэлдээ гарсан байна. Анх 1976 онд Д.Хадбаатар аварга Төв аймгийн Эрдэнэ сумын Харзтайн ам хэмээх уул, ус нь тэгширсэн сайхан газарт наадмын бэлтгэлдээ гарч, уулын оройд бөхийн хөшөө босгон, энгэрт нь шохойгоор дэвж буй бөх зурсан түүх бий. Тэр зуныхаа наадмаар Улсын Арслан цол хүртсэн ивээл буянтай газарт Увсын бөхчүүд анх 1998 оноос наадмын бэлтгэлээ хангаж эхэлжээ. Тухайн жилийн наадамд Б.Ганбат арслан өөрийн багш Дархан аварга Х.Баянмөнхөөр тав давж, улсын цолтны эгнээг тэлсэн түүхтэй. Тэр жилээс хойш “Увс нуур” галынхан Гачууртын аманд хоёр жил, Төрхурахад нэг жил бэлтгэл хангаад 2001 оноос өдгөөг хүртэл тасралтгүй 17 жил Харзтайн аманд бэлтгэл юугаа жигдрүүлж буй юм. 

Галын наадамд Увс аймгийн "Увс нуур" дэвжээ, Өмнөговь аймгийн "Их говийн хүчтэн" дэвжээ, Ховд аймгийн "Ховд дэвжээ Баян-Өлгий аймгийн "Өлгийн хүчтэн" дэвжээ, Говь-Алтай аймгийн "Хантайшир" дэвжээний бөхчүүд оролцон улс, аймаг сумын алдар цолтой 96 бөх хүч сорьсон юм. Нар хур тэгширсэн галын наадамд Увс аймгийн Ховд сумын харъяат, Улсын арслан Н.Батсуурь түрүүлж, Увс аймгийн Улаангом сумын харъяат Улсын гарьд Ө.Бат-Орших үзүүрлэлээ.

“Увс нуур” галд энэ жил улс, аймаг, сумын цолтой нийт 50 гаруй бөх бэлтгэлд гарч, Улсын заан О.Одгэрэл ахлан, бэлтгэл сургуулилтыг зааварчилж байна. Тэрбээр “Дархан аварга Х.Баянмөнхийн заавар зөвлөгөөгөөр өнгөрсөн зургаадугаар сарын 8-ны билэгт сайн өдөр бэлтгэлдээ гарсан. Миний хувьд Увсын бөхчүүдийн галыг анх удаа ахлан ажиллаж байна. Бөхчүүдийн маань бэлтгэл сургуулилт сайн байгаа. Олон шинэ цолтой төрсөн, төрийн наадам өнгөлсөн сайхан барилдаанууд гарах байх гэж найдаж байна” гэлээ.

 

 О.Балжиннчм:Улсын цол хүртэх гэдэг түмэн олны агуу хайр хишиг юм

Галын наадамд Дархан аварга Х.Баянмөнх, Улсын аварга О.Балжинням нарын ахмад бөхчүүд ирж, бөхчүүдэд заавар зөвлөгөө өгч байв.

Монгол Улсын гавьяат тамирчин, Улсын аварга О.Балжиннямын  баярын сэтгэгдлийг нь хуваалцсан юм.

Ахмад тамирчны хувьд залуу бөхчүүдийнхээ наадмын бэлтгэлийг хэрхэн шинжиж байна вэ?

Нар, хур тэгширсэн энэ сайхан өдөр “Увс нуур” галын маань сорилго барилдаан болж, билэгшээлтэй сайхан санагдаж байна. Төрийн наадамд өнгөтэй барилдах олон сайхан бөхчүүд бий. Бүгдээрээ л бэлтгэлээ чамбай хийж, наадамдаа бэлдэж байгаа байх.

Бөх хүний бусдаас ялгарах онцлог нь “жудаг” гэж ахмад бөхчүүд ярьдаг. Бөхийн жудаг гэж, жудагтай бөх гэж ямар хүнийг хэлэх вэ?

Ахмад бөхчүүд маань, бидний үеийн бөхчүүд ч бусдыг хүндлэх, хайрлах сайхан жудагтай байсан. Жудаг гэдэг ерөөсөө л бие биенээ хүндлэх сэтгэлтэй байхыг хэлдэг. Сүүлийн үед зарим бөхчүүдэд энэ зан чанар дутагдсан мэт анзаарагддаг. Засуултайгаа маргалдаж, барилдаж байх зуураа бие биетэйгээ юм яриад л зогсчих гэх мэт.

Улсын цол хүртэнэ гэдэг ард түмний асар их хайр хүндлэл юм. Аварга цол хүртэнэ гэдэг нэг хэрэг. Цолоо хамгаалж, түмэн олныхоо хайр хүндлэлийг өргөж явах гэдэг илүү том хэрэг юм.

Удахгүй болох төрийн наадмд ямар бөхчүүд өнгөлөн барилдах бол?

Аварга Ч.Санжаадамба, аварга С.Мөнхбат, арслан Ц.Содномдорж, арслан Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, Харцага Т.Баасанхүү гээд сайхан барилдах байх гэж харж байгаа бөхчүүд олон бий. Наадмын өдөр хэний хүү аз одтой байх нь мэдэх хэрэг.

Улсын заан Д.Бумбаяр: Өөрөө барилдахын зэрэгцээ шавь нартаа итгэл тавьж байна

Миний хувьд 1988 онд нийслэлд орж ирэн, Х.Баянмөнх аваргыгаа дагаж, наадмын бэлтгэлд гарч эхэлснээс хойш 30 жил өнгөрсөн байна. Өөрөө барилдахын зэрэгцээ шавь нарынхаа бэлтгэлийг хийлгэж байна. Шавь нарын маань бэлтгэл жигдхэн сайхан хангагдаж байгаа болохоор наадмаар өнгөтэй сайхан барилдах байх гэж итгэж байгаа. Наадмын өдөр хэний хүү аз одтой байхаас шалтгаалж, үзүүр түрүү бөх тодордог юм шүү дээ.