Ахлах тогоочийн заавраар: Цацагт хяруулын махан ороомог

"Ахлах тогоочийн заавраар" шоу нэвтрүүлгийн арав дахь дугаар танд хүрлээ. Энэ 7 хоногийн дугаарт ахлах тогооч Д.Одбаяр, жүжигчин Нарансолонго нар нэг баг болж, ахлах тогооч Б.Ариунбилэг, жүжигчин Тэмка нартай өрсөлдсөн юм. Тэдний ур чадварыг сорьсон энэ оройн амтат зоог бол Цацагт хяруулын махан ороомог байв. 

Хоолны нэр: Цацагт хяруулын махан ороомог 

Орц:

Цацагт хяруул 1ш

Гахайн утсан мах 3ш

Цөцгийн тос 50 гр

Базлли навч 5ш

Давс 2 гр

Хар пвор 2 гр

Өндөг 2ш

Гурил 40 гр

Талхны хатаам 50 гр

Хүрэн манжин 200 гр

Лууван 150 гр

Шарлот сонгино 50 гр

Шар хулуу 250 гр 

Бэлтгэх арга: 

Цацагт хяруулын маханд анхны боловсруулалт хийнэ. Шулж авсан цээжны махны гадна шүүсийг цаасан болон даавуун алчуураар шингээж авна. Давс, пвороор амтлаад 2-3 хором амраана. Бууцайг сайтар угааж, цэвэрлээд сэврээнэ. Гахайн утсан махыг 1-2 мм зузаантай хэрчинэ. Бяслагыг 4 эсвэл 6 хувааж бэлтгэнэ. Өндгөнд бага зэрэг сүү нэмж нэгэн жигд болтол хутгана. Цацагт хяруулын махаа дэлгэж тавиад дээр нь гахайн утсан мах, бууцай, бяслаг гэсэн дарааллаар орооно.

Бэлтгэсэн махыг 5-10 хором хөргүүрт загсаагаад гурил, өндөг, талхны хатаам гэсэн дарааллаар бүрнэ. Бүрж бэлдсэн махыг халаасан тостой хайруулд жигд шарж, 5-8 хором шарах шүүгээнд гүйцээн болгоно. Хүрэн манжингаар нухаш бэлтгэнэ. Бусад сонгон авсан ногоогоор өөрийн дуртай хачир бэлтгэж болно.