Сэлбэ зуслангийн бүсийн шинэ замын ажил эхэллээ

Нийслэл / Time Admin
2018 оны 07 сарын 03

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зуслангийн зүүн талаар 1 км шинэ зам барих ажил эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НАЗХГ-ын орлогч дарга Б.Индра болон бусад албаны удирдлагууд, инженерүүдийн хамт замын ажлын нөхцөл байдлыг шалган ажиллалаа.

Төслийн хэрэгжүүлэгчээр “Билэгт зам ХХК шалгарсан бөгөөд энэ сарын 2-ноос ирэх есдүгээр сарын 10-ны хооронд гүйцэтгэхээр авто замын барилгын ажлаа эхлүүлж байгаа аж.

НАЗХГ-ын орлогч дарга  Б.Индра “НАЗХГ энэ жилээс эхлэн гэр хорооллын дунд зам тавих чиглэлээр хэд хэдэн ажил эхлүүлээд байна. Улаанбаатар хотын төвийн зам нь зохих түвшинд бий болсон учир цаашид гэр хорооллын чиглэлийн замуудыг анхааран ажиллана. Иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу өнөөдөр СБД-ийн 20-р хороо, Сэлбэ зуслангийн бүсэд явган хүний зам, автобусны буудал, гэрэлтүүлэг бүхий зорчих хэсгийн 6 метрийн өргөнтэй  цогц зам барих ажил эхэллээ. 

Мөн зуслангийн бүс, гэр хорооллын замуудыг шинээр засч шинэчилснээр  иргэдийг ая тухтай, аюул осолгүй зорчин, зорьсон газартаа хурдан хугацаанд, саадгүй хүрэхэд томоохон хувь нэмэр оруулах болно” хэмээлээ.