Аравдахь аварга, Даян мэргэн цолтонтой наадам

Спорт / Time Admin
2018 оны 07 сарын 13

Монгол Улсын аварга цолтон төрлөө

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд  Улсын арслан Н.Батсуурь улсын аварга Ч.Санжаадамбаар ес даван түрүүлж, Улсын аварга цол хүртэн, аравдахь аварга төрлөө.

Намсрайжавын Батсуурь нь 1987 онд Увс аймагт төрсөн, Увс аймгийн Ховд сумын уугуул. Жудо бөхийн Олон улсын хэмжээний мастер. Тэрбээр эхийн талаасаа буюу Ховд аймгийн Дарви сумын уугуул Олхонууд Олимпийн хүрэл медальт, улсын начин Р.Даваадалайн зээ дүү юм.

Харин эцгийн талаас өвөө Ж.Гэлэг нь Улсын начин, аав Г.Намсрайжав нь улсын харцага, авга ах химийн ухааны доктор, профессор, самбо бөхийн ОУХМ Г.Даваасамбуу нь улсын начин, Г.Дансран нь аймгийн заан, Н.Баярмагнай нь чөлөөт бөхийн Ази тивийн аварга, улсын таван удаагийн аварга, ОУХМ, аймгийн арслан цолтой. Мөн олимпийн хүрэл медальт, МУГТ, улсын начин Р.даваадалай нь чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, МУГТ, улсын начин Ло.Энхбаяр, улсын начин Ло.Эрхбаяр нар ээжийнх нь хамаатан. Өөрөөр хэлбэл хоёр талдаа бөхийн удамтай.

Монгол Улсын “Даян мэргэн” цолтон төрлөө

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харваанд эрэгтэй харваачдаас 40 сумнаас 37 онож түрүүлсэн Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, Засагт хан клубын харваач, Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Б.Дашзэвэгт Монгол Улсын “Мэргэн” цол, 40 сумнаас 35 онож хоёрдугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн харваач, Монгол Улсын спортын дэд мастер Х.Цогбаярт Монгол Улсын “Гарамгай харваач” цол, 40 сумнаас 35 онож гуравдугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Монгол Улсын спортын мастер Н.Алтансүхэд Монгол Улсын “Гоц харваач” цолыг тус тус олгов.

Мөн эмэгтэй харваачдаас 40 сумнаас 37 онож түрүүлсэн Увс аймгийн Тэс сумын уугуул, “Алдар ЖЕМ” багийн харваач Монгол Улсын мэргэн Д.Норжмаад Монгол Улсын “Даян мэргэн” цол олголоо.