Машинаа ухраахдаа ач охиноо дайрч, аминд нь хүрчээ

Нийгэм / Time Admin
2018 оны 07 сарын 05

Энэ сарын 4-ний өдөр буюу өчигдөр 14.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр, Хонхор орчимд оршин суух айлын хашаанд тоглож байсан хүүхэд машинд дайруулж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, гурван настай ач охиноо хашаан дотроо тоглож байгааг анзаараагүй эмээ нь машинаа ухраан хөдлөхдөө дайрч, амь насанд нь хүрсэн байна.

Эмээ нь Тоёота Прадо маркийн том оврын автомашинтай байсан тул охиныг дайрснаа ч мэдээгүй бөгөөд ар гэрийнхэн нь араас нь утасдаж дуулгасан байна. Энэ мэт томчуудын анхаарал болгоомжгүй, хайрхамжгүйгээс бага насны хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол олон гарч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.