Он гарсаар барилгын ослоор таван хүн амиа алджээ

Нийгэм / Time Admin
2018 оны 07 сарын 05

2018 оны эхний хагас жилийн байдлаар барилгын 8 осолд найман хүн  өртөж, тав нь амь насаа алдсан байна. Осол гарахад нөлөөлсөн хүчин зүйлийн 15 хувь удирдлагын тогтолцооноос, 30 хувь нь ажлын байрны орчин нөхцлөөс, 20 хувь нь техник, технологийн эвдрэл гэмтлээс, 35 хувь нь хүний хүчин зүйлээс хамаарчээ.

Түүнчлэн унах, бүдрэх, хальтрах /барилга, тайз, шат, тээврийн хэрэгслээс унах, нүх, худаг, шуудуу, ухсан нүхрүү унах г.м/ тохиолдол 35 хувь, унаж байгаа эд зүйлд цохигдох /хөрс, хад чулуу, цасны нуралт, гулгалт болон барилга, байшин, өргүүр, хураасан бараа, бүтээгдэхүүн нурж, унаснаас дарагдах г.м /  буюу 30 хувь,  цахилгаан гүйдэлд цохиулах 7,5 хувь, өргөх зөөх механизмын ажиллагаанаас хамаарсан 12,5 хувь, түлэгдэлт 5 хувийг эзэлж байна.

Мөн өргөх механизмын угсралтын болон ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааг хангаагүйгээс 10 хүн гэмтсэн нийт дөрвөн осол гарчээ. Гарсан ослууд нь өргөх механизм ашиглагч, эзэмшигч болон засвар, үйлчилгээний тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагууд нь түүний техникийн паспортанд хийгдэх ашиглалт, засварын талаарх хөтлөлтийг хийж хэвшээгүй нь нийт зөрчлийн 95 буюу 8.7%, Ашиглалтанд орсон лифт, эскалаторын эзэмшигч, ашиглагч нь тэдгээрийн ашиглалт хариуцагч инженер техникийн ажилтныг томилдоггүй нь нийт зөрчлийн 107 буюу 9.7%,  Лифт ашиглагч, эзэмшигч нь сэлбэг хэрэгслийн нөөцгүй нь нийт зөрчлийн 88 буюу 8.0%, Машины өрөөнд лифтний ашиглалтанд хамааралгүй тоног төхөөрөмж байрлуулах, эд бараа хураах зөрчил нь нийт зөрчлийн 45 буюу 3.5%-ийг эзлэж байна.