“Замын осолд төр хариуцлага хүлээдэг болно” гэсэн сайдын үг хэзээ биелэлээ олох вэ

Нийгэм / Time Admin
2018 оны 07 сарын 05

 “Замын засвар, нөхөөс хийхээр хөрөөдөж ухсан нүхэнд МЭК ХХК-ийн 28-42 УНӨ улсын дугаартай суудлын автомашин дугуйгаа гэмтээж, хавагнуулсан тул хохирлыг барагдуулна уу” гэсэн гомдол нийслэлийн Авто замын хөгжлийн газарт иржээ. Гомдлыг “Үндэстний жим” ХХК-д шилжүүлсэн байна. Учир нь тухайн замд засвар, нөхөөс хийх ажлыг “Үндэстний жим” компани гэрээ байгуулан гүйцэтгэж байжээ.

Гомдол гаргагчид нөхөн төлбөр олгох эсэхийг “Үндэстний жим” ХХК судалж шийднэ. Гэхдээ зам байгууламжаас үүдэн хохирсныхоо төлөө төрийн байгууллагад хариуцуулан гомдлоо албан бичгээр илэрхийлж буй нь олон жолооч нарт сэдэл өгсөн тохиолдол боллоо.

Манай улсын иргэдийн нас баралтын тэргүүлэх шалтгааны гуравдугаарт зам тээврийн осол ордог. Өнгөрөгч 2017 онд л гэхэд 507 иргэний амьдрал зам дээр төгссөн байдаг. Харин тэдний хэд нь замын эврэл, хэт нарийны уршгаар амиа алдсаныг тогтоодоггүй.  Гадны орнуудад бол зам тээврийн ослын шалтгааныг замын нөхцөл байдалтай холбогдуулан гаргадаг.  Өөрөөр хэлбэл, замын эврэл гэмтлээс үүдэн осол гарсан нь тогтоогдвол хариуцагч төрийн алба, албан тушаалтан нь хариуцлага хүлээдэг. Харин манай улсад жолооч ял үүрэхээс өөр зохицуулалт байдаггүй.

Тэгвэл хэзээ ослын шалтгааныг дүгнэхдээ замын эвдрэл гэмтлийг харгалзан үзэж, хариуцлага хүлээдэг болохыг салбарын сайдаас өнгөрсөн гуравдугаар сарын 15-ны өдөр бид тодруулж байлаа. Зам тээврийн хөгжлийн яамны удирдах ажилтны зөвлөгөөний үеэр Ж.Бат-Эрдэнэ сайдын хэлсэн үгийг эргэн сануулъя.