Г.Сүхбат: Бэртэлдээ эм уусан тамирчин допингийн шинжилгээнээс чөлөөлөгдөх хууль бий

Спорт / Time Admin
2018 оны 07 сарын 06

 “Допингийн эсрэг төв”-ийн Гүйцэтгэх захирал Г.Сүхбаттай ярилцлаа.

“Үндэсний бөхчүүдээс допинг илэрсэн” мэдээлэлтэй зэрэгцээд “Допингийн эсрэг төв” гэх байгууллага олны анхааралд орсон. Танай байгууллага хэзээ байгуулагдсан, хэчнээн хүний орон тоотой байгууллага вэ?

“Допингийн эсрэг төв” нь Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн, олон нийтийн байгууллага. Допингийн эсрэг үйл ажиллагааг дэлхий нийтэд сурталчилан таниулах, хөтөлбөрийг нь хэрэгжүүлэх үүднээс манай улс “Дэлхийн допингийн эсрэг байгууллага”-ын конвенцед нэгдсэн. Конвенцед нэгдэхийн зэрэгцээ 2007 оноос УИХ-аараа соёрхон баталсан. Тиймээс Допингийн эсрэг хуулийг монгол оронд хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн.

1999 оноос энэ үүргийг “Монголын үндэсний Олимпийн хороо” гүйцэтгэж байсан. 2007 онд “Допингийн эсрэг төв” байгуулагдсанаар энэ үйл ажиллагааг гүйцэтгэж ирсэн. “Допингийн эсрэг төв”-ийн Ерөнхийлөгчөөр Ардын эмч Хатанбаатар, Гүйцэтгэх захирлаар миний бие ажилладаг. Нарийн бичиг, мэргэжлийн эмч гээд таван хүн бий. Олон нийтийн байгууллага болохоор цалингүй, сонгогдон ажилладаг.

Допингийн эсрэг үйл ажиллагаа, шинжилгээ явуулахдаа уг үйл ажиллагааг зохион байгуулж буй холбоодоос төсөв мөнгө гаргуулж, шинжилгээг хийдэг. Өөрөөр хэлбэл захиалгын дагуу мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг  гэсэн үг. Түүнээс биш бидэнд нэг төгрөг ч байхгүй, цалингүй хүмүүс.

2007 оноос хойш хэчнээн тамирчинд допингийн шинжилгээ хийсэн бэ? Тэдний хэчнээн нь энэ шинжилгээнд бүдэрсэн бол?

Надад одоогоор нарийн тоо алга. Жилд 70-80 тамирчинд шинжилгээ хийдэг. Харин 2017-2018 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллага Биеийн тамир, спортын газраас манай байгууллагатай хамтран, төсөв олгож, гурван удаагийн давталтаар 200 тамирчинд шинжилгээ хийлгэсэн. Тэдний 43 нь үндэсний бөхчүүд байсан.  

Эхлээд 31 бөхөөс шинжилгээ авахад таван бөх нь допинг хэрэглэсэн нь тогтоогдсон. Сүүлд 12 бөхөөс нэмэлтээр сорьц авахад хоёр хүн допингтой нь  илэрсэн. Гэвч тухайн тамирчид шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөөгүй тул В сорьцын шинжилгээг БНСУ руу явуулсан, хариу нь ирээгүй байна.

Нууц биш бол нэг тамирчинд допингийн шинжилгээ хийхэд хэдэн төгрөг зарцуулагдах вэ?

Нуух зүйл байхгүй. Эмнэлэгт шинжилгээ хийлгэхэд тариф гарсан байдагтай адил. Допингийн төрлийн хэчнээн бодис байна түүнээс хамаарч нэг тамирчинд шинжилгээ хийхэд 300-500 доллар зарцуулна. Дээрх 200 тамирчны шинжилгээг Биеийн тамир, спортын хорооноос захиалсан тул мөнгийг нь тэндээс ирүүлсэн.

Харин В сорьцын шинжилгээний зардлыг тухайн тамирчин өөрөө гаргадаг.

Допингийн шинжилгээний хариу удах, хариуг нуух, тамирчдын шинжилгээний дээж зөрөх зэрэг асуудал бий талаар хэвлэлүүд бичдэг. Үүнд тайлбар өгөөч.

Допингтой холбоотой бүхий л үйл ажиллагаа олон улсын дүрмийн дагуу, олон улсын стандартаар хийгддэг учраас хэвлэлээр бичээд байгаа шиг шинжилгээний хариуг нуудаг, ирсэн хариуг удаадаг, шинжилгээнд оруулах хүмүүсийг нэр цохож сонгох броломж байхгүй. Энэ талаар гүтгэсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг шүүхт өгч, “Үндэслэлгүй гүтгэсэн” нь тогтоогдсон.

Шинжилгээний сорьц авах стандарт гэж бий. Стандартын дагуу аваагүй сорьцыг тухайн лаборатори шинжлэхгүй. Дэлхий нийтэд Допингийн эсрэг төвөөр хүлээн зөвшөөрөгдсөн 30 гаруй лаборатори байдаг. Түүний нэг нь БНСУ-д байх лабораторитой бид гэрээ байгуулан, шинжилгээ хийлгэдэг. Сорьц явуулахдаа олон улсын шуудангаар явуулна. Шинжилгээний сав баглаа боодол бүгд нууцлалтай. Лабораторит очиж байгаа шинжилгээний дээжид хүний нэр байхгүй, бүгд кодтой гээд алдаа гарах ямар ч үндэслэл байхгүй. .

Шинжилгээний хариу уддаг асуудлыг тайлбарлахад дэлхийн улс орон бүрээс шинжилгээний дээж очдог, ачаалал ихтэй болохоор шинжилгээний хариу гарах тогтсон хугацаа гэж байдаггүй. Тухайлбал, манайхаас явуулсан шинжилгээний хариу нэлээд удаж гарсан.нь Солонгост өвлийн олимп, параолимп болсонтой холбоотой гэдгийг тухайн лабораториас мэдэгдсэн. Олимпод орсон тамирчдын шинжилгээний хариу шийдэгдсэний дараа манайхаас явуулсан шинжилгээний хариу гарна гэдгийг урьдчилж хэлсэн. Допингийг хориглох хоёр том шалтгаан байна.

Нэгдүгээрт, допингийн бодис нь хүний  амь насанд, эрүүл мэндэд, цаашлаад үр удамд ч муугаар нөлөөлдөг. Тиймээс алдартай тамирчдынхаа эрүүл мэнд, нэр хүнд, амь нас, үр удмыг хамгаалахын төлөө бид ажиллаж байна.

Хоёрдугаарт, допинг хэрэглэсэн нь тогтоогдсон тамирчиддаа хариуцлага тооцоогүй бол олон улсын чанартай томоохон тэмцээнд тухайн улсын бусад тамирчдыг ч оролцуулдаггүй хууль дэлхийд үйлчилж байна.

Олны анхаарлын төвд байгаа сэдэв рүүгээ эргээд оръё. Шинжилгээнд хамрагдсан 43 бөхийн нэрийг хаанаас захиалсан бэ? Яаж сонгосон юм бэ?

“Үндэсний бөхийн барилдааны үед допингийн шинжилгээ хийе” гэж Биеийн тамир спортын газраас, бидэнд мөнгийг нь төлөөд, захиалсан. Уралдаан тэмцээний үед хэнээс шинжилгээ авахыг захиалагч тодруулна.

Тодруулахдаа нэгдүгээрт, допинг хэрэглэх эрсдэл өндөртэй тамирчнаас, хоёрдугаарт, допинг хэрэглэдэг байж магадгүй гэх мэдээллийн дагуу. гуравдугаарт, санамсаргүй түүврийн аргаар сонгодог.

Допинг хэрэглэх эрсдэл өндөртэй тамирчин гэж ямар тамирчинг хэлэх вэ?

Үүнийг тогтоодог тусгай стандарт бий. Сонголтыг шинжилгээ авах гэж байгаа байгууллага хийнэ.

Наадмын үеэр бол шөвгийн 16-д шалгарсан бөхчүүдээс ав гээд сонгоно. Хэн шөвгийн 16-д үлдэхийг урьдчилж мэдэх боломжгүй болохоор хардлага байхгүй.  Ихэвчлэн шөвгөрсөн, үзүүр түрүүд үлдсэн бөхчүүдээс, зарим нь санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон бөхчүүдээс шинжилгээ авдаг.

МҮБХ-оос “Допингийн эсрэг төв”-д захиалга ирүүлсний дагуу нэр бүхий  бөхчүүдээс шинжилгээ авсан талаар мэдээлэл гарсан.

МҮБХ гэдэг байгууллага допингийн эсрэг хамгийн анх тэмцэж эхэлсэн байгууллага. Допинг хортой гэдгийг сонингоороо дамжуулж мэдээлэл тарааж, биднээр сургалт хийлгэж байсан байгууллага. Бөхчүүдийн нэр цохож шинжилгээ хийлгэх боломж МҮБХ-д байхгүй.

Допингийн шинжилгээг яаж авдаг вэ?

Шинжилгээ хийдэг эмч нар нь олон улсад сургалтад хамрагдсан эмч нар байна. Манай улсад зөвхөн шээснээс дээж авч, шинжилгээнд явуулж байна.

Допингийн хариу ирж, хэрэглэсэн гээд танайх зарлачихдаг. Гэтэл бөхчүүд “Бэртэл гэмтэлдээ эм хэрэглэсэн нь шинжилгээнд допинг хэрэглэсэн гэсэн хариу гарахад нөлөөллөө” гэсэн тайлбар хийж байна. Үүнийг харгалзан үздэг үү? Өвчин намдаах болон эмчилгээний эм хэрэгслүүд допингийн төрөлд багтдаг уу?

200 гаруй тамирчнаас допингийн эсрэг шинжилгээ авахад үндэсний бөхчүүд л хэл ам гаргаж байна. Чөлөөт бөхийн тамирчид, бодибилдингийн тамирчид шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрөөд, чимээгүй  шийтгэлээ аваад явдаг. . Үндэсний бөхчүүдийн л хэл ам, хэрүүл тасрахгүй байга нь өмнө нь допинг хэрэглээд түүнийгээ маргалдсаар шийтгэлгүй үлдээсэн түүхтэй холбоотой байх.

Бэртэл гэмтлээ эмчлүүлэх зорилгоор эм уусан, допинг хэрэглээгүй гэх тамирчдын шалтгааныг судалж үзсэн үү. Тамирчин хүн бэртэл гэмтэлгүй байх нь ховор байх. Гадны орнуудад энэ байдлыг хэрхэн харгалзан үздэг юм бэ?

Тамирчин гэдэг чинь хүн шүү дээ. Хүн өвдөнө, бэртэнэ. Эмчилгээ хийлгэх нь үнэн. Эмчилгээ хийлгэж байна гэдэг нь өвчтэй хүн гэсэн үг. Тэгвэл өвчтэй байгаа хүн уралдаан тэмцээнд орж болохгүй шүү дээ.

Хэрвээ зайлшгүй уралдаан, тэмцээнд орох шаардалагатай бол “Эмчилгээний зориулалтаар чөлөөлөх стандарт” гэж допингийн хуульд бий. Эмчилгээний зориулалтаар допингд ордог төрлийн эм, эмийн хэрэгсэл хэрэглэсэн бол, зайлшгүй шалтгаанаар уралдаан тэмцээнд орж байгаа бол урьдчилан мэдэгдэх ёстой. Дотоодын тэмцээнд орохоос сарын өмнө, олон улсын тэмцээнд бол гурван сарын өмнө “Допингийн эсрэг төв”-өөр дамжуулан, “Допингийн эсрэг дэлхийн агентлаг”-т мэдүүлсэн байх ёстой. Тэр тохиолдолд тусгай комисс үзээд, “Гарцаагүй тохиолдолд допинг илэрсэн бол чөлөөлнө” гэсэн үндэслэл гаргаж өгдөг. Манайхан тэгдэггүй, өнгөрсөн хойно нь худлаа ярьдаг.

Манай бөхчүүдэд энэ талын мэдлэг, мэдээлэл байхгүй байна уу?

Мэдээлэл бол хангалттай байгаа гэж би бодож байна. Допингийн эсрэг үйл ажиллагааны талаар Untidoping.mn гээд манай сайтад бүх мэдээлэл байна. Төслийн хүрээнд бүтэн сарын турш додингийн эсрэг сургалт явуулсан. Үндэсний бөхчүүд л ирээгүй. Бусад спортын тамирчид бүгд ирсэн. Мэдээлэл нээлттэй байхад мэдээгүй, хараагүй гээд байгаа нь өөрөө асуудал.

Тухайлан асууя. Улсын гарьд Ө.Бат-Орших өнгөрсөн жилийн наадмын үеэр допингийн шинжилгээ өгөхөд “цэвэр” гарсан. Наадмын дараа бэртэлдээ эмчийн заавраар эм ууж, эмчилгээ хийлгэсэн. Үүний дараа дахин допингийн шинжилгээнд ороход “допинг илэрсэн” гээд байгаа тохиолдол ямар учиртай вэ?  

Бид өнгөрсөн жилийн наадмын өмнө бөхийн галуудаар явж, допингийн эсрэг сургалт хийсэн. Баяр наадмын хуулинд допингийн асуудал орсныг хэлсэн. Тийм болохоор “Допинг илэрнэ” гээд хэрэглээгүй байх л даа, сайн байна. Харин наадмын бус үеэр гэнэт шинжилгээ авахыг төрийн захиалж, 12 дугаар сард гэнэтийн шинжилгээ хийсэн.

Допингийн эсрэг төвийн нэрийг барьж “Шинжилгээнээс чөлөөлж өгнө, хариуг аргалж өгнө” гэсэн залилгаас өөрийгөө хамгаалах сэрэмжлүүлэг танайх гаргажээ. Ийм тохиолдол гарсан уу?

Манай байгууллагын нэрийг барьж санаатайгаар болон санаандгүйгээр залилан хийдэг хүмүүс байж магадгүй. Тийм хүмүүс байгаа бол бидэнтэй хамтарч илчлээрэй, өөрийгөө хамгаалаарай гэж тамирчиддаа уриалж байна.

МҮБХ-оос нэр бүхий бөхчүүдийг “допинг хэрэглэсэн” гэх үндэслэлээр барилдах эрхийг нь хассан шийд гаргасан. Харин шүүхээс “Бөхчүүдийн эрх хассан нь хууль бус” гэсэн тогтоол гаргалаа.  

“Бөхчүүдийн эрх хассан МҮБХ нь хууль бус учраас барилдах эрх хассан шийдвэр нь хүчин төгөлдөр бус” гэсэн шийдийг шүүх гаргасан. Харин баяр наадам зохион байгуулах комисс “Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг наадмаар барилдуулахгүй” гэж шийдсэн.

Допинг илэрсэн тамирчдыг допинггүй гэж шийд гаргадаг шүүх манайд л байна, өөр хаана ч байхгүй. Допинг илэрсэн л бол уралдаан тэмцээнд оролцуулахгүй гээд олон улсын хуульд заачихсан байна. Допингтой гэдгийг нь тогтоочихсон байна, яах юм.

Та аварга дээд сургуулийн захирлаар ажилладаг юм уу?

Энэ чинь миний үндсэн ажил. Би ажил хийж эндээс цалин авна. Допингийн эсрэг төвөөс бол цалин байхгүй. Олон нийтийн сонгуульт ажил шүү дээ. Олон нийтийн ажилд идэвхитэй болохоор намайг сонгосон. Хэл амтай энэ ажлыг би 2014 оноос хойш хийсэн шиг хийсэн. Нэр төрөө сэргээлгэчихлээ. Удахгүй энэ ажлаа өгнө.