Баян-Өлгийд үер бууж, 275 айлын гэр, хашаа усанд автжээ

Орон нутаг / Time Admin
2018 оны 07 сарын 16

Өчигдөр 15:00-15:30 цагийн үед Баян-Өлгий аймагт усархаг хүчтэй бороо орж, Өлгий сумын 2,3,4,12,13 дугаар багт үер бууж, 275 өрхийн гэр, хашаа усанд автжээ. 

Үерт автсан дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 16:05 цагт ирж,  хурандаа С.Пүрэвсамдангаар ахлуулсан 35 алба хаагч ажилласан байна. Нэмэлт хүч болж Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн алба хаагчид, аймгийн Цагдаагийн газрын 65 алба хаагч, Цахилгаан шугам сүлжээний газрын гурван хүн, Нийтийн аж ахуйн үйлчилгээний “СУАТ” ХХК-ийн таван хүн, “ЖОЛ” ХХК-ийн найман хүн, орон нутгийн 24 иргэн, нийт 146 хүн, 24 техник хэрэгсэлтэй ажиллаж үерт боогдсон 163 хүнийг аюулгүй газарт гаргаж, гэр байшин нь орогнох боломжгүй болсон 95 иргэнийг түр хорогдох байранд байрлуулжээ.

Үерийн усыг зайлуулахын тулд 2.8 км урт шуудуу татаж усыг зайлуулж байна. Одоогоор хохирлыг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна.