Үерийн голомтод цэвэрлэгээний болон халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна

Орон нутаг / Time Admin
2018 оны 07 сарын 23

Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт 07 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд орсон усархаг аадар борооны улмаас Өлгий сумын нийт 8 багийн 530 айл өрхийн 2500 гаруй иргэн гамшигт нэрвэгдэж, 3 иргэн бэртэж гэмтэн, гэр, байшин, хашаа усанд автсан.

   Үерийн голомтноос  220 гаруй өрхийн 1560 орчим хүний аюулгүй байдлыг ханган, 180 гаруй өрхийн 670 орчим иргэнийг 8 байрлал (цэцэрлэг, сургуулийн дотуур байр)-д түр байрлуулан, 60 орчим өрхийг нүүлгэн шилжүүлж, 5.1 км үерийн далан байгуулаад байна.

Аймгийн Онцгой комиссоос гамшгийн үед шаардлагатай 33,0 сая төгрөгийг шийдвэрлэн, 590 гаруй өрхийн 2700 орчим иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, эм бэлдмэл тараан, сэтгэл зүйн болон хоол хүнсний тусламж, дэмжлэг үзүүлж, айл өрхүүдийг ундны цэвэр усаар ханган, механик цэвэрлэгээний болон халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна.

    Гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд давхардсан тоогоор Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 331, 340 дүгээр анги, Хилийн 0165 дугаар анги, Цагдаагийн газар, Нийтийн аж ахуйн үйлчилгээний “СУАТ” ХХК,  Авто зам засвар, арчлал Үерийн голомтотын “Жол” ХХК, Цахилгаан шугам сүлжээний газар зэрэг нийт 18 байгууллагын  нийт 640  орчим хүн, 100 гаруй нэгж техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм.

 Мөн ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайханаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.