МАН, АН нөхөн сонгуулийн бэлтгэлээ базааж эхэллээ

Улс төр / Time Admin
12 өдрийн өмнө

МАН-ын Бага хурлын II хуралдаан болж байна. Хуралдаан 52 хувийн ирцтэй эхэлж, Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох эсэх асуудлыг хэлэлцээд 100 хувийн саналаар дэмжив. Бага хурлын хуралдааны талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Нөхөн сонгуулийн талаар Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүссэн тул бид холбогдох байгууллагаас тайлбар авсан. Энэ асуудлыг бид анхааралтай ажиглаж байна. Цэц эцэслэн шийдтэл МАН сонгуульд оролцох бэлтгэл ажлаа хийгээд явна. Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт судалгаа хийж байгаа. Манай намаас төрийн төвшний, орон нутгийн төвшний, улс төрийн намын төвшний хэд хэдэн боломжит хүмүүс бий. Гэхдээ нэр дэвшүүлэх ажил есдүгээр сарын 4-нд болно. Тэрнээс өмнө бид судалгаа мэдээлэлд тулгуурлаж, ялалт байгуулах боломжтой хүнийг нэр дэвшүүлнэ” хэмээх мэдээллийг өглөө.

Түүнчлэн АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралодаан төрийн ордонд болж байна. Хурлын шийдвэрийн талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан “Үндсэн 12 асуудал хэлэлцэж байна. СЕХ-ноос өгсөн зөвлөмжийн дагуу Хэнтийн аймгийн 42 дугаар сонгуулийн нөхөн сонгуульд оролцох эсэх, нэр дэвшигчээ ямар журмаар тодруулах вэ гэдгийг өнөөдөр хэлэлцэж байна.

СЕХ-ноос өгсөн зөвлөмж, хүчин төгөлдөр үйлчилж буй УИХ-ын шийдвэрийн дагуу бид нөхөн сонгуульд оролцоно. Сонгуулийн хуулийн дагуу нэр дэвшигчийн асуудал 8 сарын 31-нээс 9 сарын 4-ний хооронд нэр дэвшигчээ тодруулна” хэмээх мэдээллийг өгөв.