П.Сүхбат: Задгай агаарт, байгалийн сайхныг илүү мэдрэх боломж бүрддэг тул дугуйн аялалд дуртай

Спорт / Time Admin
2018 оны 07 сарын 31

Идэвхитэй эрүүл амьдралын хэв маяг, эко аялалыг эрхэмлэгч залуус унадаг дугуйгаар 1000-аас дээш км аялах зорилт тавьж, хоёрдахь  холын аялалдаа өнөөдөр гарлаа.  Тэд өнгөрсөн жил Улаанбаатар-Увс аймаг маршрутаар 1430 дугуйн аялал хийсэн бол өнөөдөр Улаанбаатараас Хөвсгөл далайг зорин хөдөлсөн юм.  

 П.Сүхбат, Б.Цэндсүрэн нар сурагч байхаасаа унадаг дугуй унах дуртай найзууд байжээ. Тэр үеэс л хамтдаа дугуйгаар холын замд аялах талаар мөрөөдөн ярилцдаг байсан нь ийнхүү биелсэн байна.  Үүний тулд сайн чанарын унадаг дугуй худалдан авч, анхны аялалаа өнгөрсөн зун төрсөн  нутаг  руугаа хийсэн нь амжилттай болж, олон хүнээс  урмын үг сонссон нь дахин аялах  хүслийг өдөөжээ. Тэд өдөрт 120-150 км зам туулаад амардаг бөгөөд  аялалын  эхний 2-3 хоногт хөл, булчин нь өвдөх зэрэг хүндрэл үүсээд зүгширдэг хэмээн ярьж байлаа.  

Аялалын талаар П.Сүхбат: “Миний ажил улирлын чанартай. Зуны улиралд ажлаас чөлөө авах хамгийн том асуудал болдог. Захиралдаа аялалд гарах талаараа олон удаа хэлсэн боловч дорвитой хариу хэлэхгүй байсан. Өчигдөр фэйсбүүк рүү нь аялалд гарах талаараа дахин бичтэл томоос том лайк дарсан тул зөвшөөрсөн гэж үзээд аялалдаа гарч байна. Хурдан морь унадаг хүүхдүүд морин дээл дээр гараад сэтгэл нь догдолж, баяр хөөр болдог шиг холын аялалд гарах болохоор дугуйн дээрээ гарахад сэтгэл тогтож яддаг.

Унадаг дугуй нь автомашинаас хурд багатай болохоор дугуйн аялал хийж байгаа хүн байгалийн сайхныг задгай агаарт илүү ойроос харах, мэдрэх боломжтой болдог. Түүнчлэн бид хоёр өөрсдөө хоолоо хийж иднэ, дугуйнд эвдрэл үүсвэл өөрсдөө засна. Тулгарсан асуудал бүрийг даваад аялалаа дуусгах нь хамгийн сайхан байдаг” гэсэн юм.

Харин түүний найз Б.Цэндсүрэн: “Бидний аялалын зорилго бол дугуйгаар аялах нь идэвхитэй хөдөлгөөн хийж эрүүл мэнддээ эерэг нөлөө өгөх, хямд төсөр зардлаар аялж болдгийг үеийнхэндээ, дүү нартаа харуулахад оршдог. Аялагчид ерөөсөө хог хаяж болохгүй. Хогоо уутанд хийж дугуйндаа ачиж яваад ойр таарсан суурин газрынхаа хогийн саванд хаях хэрэгтэй” гэсэн юм.

Тэдний энэ удаагийн аялал 1100 орчим км үргэлжлэх бөгөөд ирэх намар Буйр нуур луу аялахаар төлөвлөөд байгаа юм байна.