Б.Махбал тэрбум 570 саяын үл хөдлөх хөрөнгөтэй

Нийгэм / Time Admin
2018 оны 08 сарын 10

Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар ажлын байран дээрээ согтууруулах ундаа хэрэглэж улмаар нэгнийхээ аминд хүрсэн талаар бид мэдээлсэн.

Өчигдөр Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ газруудын дарга нартаа “2019 оны хөрөнгө оруулалтын асуудлаа нэгтгэж, яаралтай оруулж ирэх” даалгавар өгсөн байна. Тиймээс холбогдох газруудын алба хаагчид ажлын цаг хэтрүүлэн ажиллаж, ажлын байрандаа үлдсэн бөгөөд дууссаны дараа согтууруулах ундаа хэрэглэсэн байна.

Тэднийг ажлаа хийж дуусах үед дахин хоёр газрын дарга орж ирж, архи ууцгаажээ. Тэд  21.00 цагийн үед яамнаас гарсан бөгөөд дөрвүүлээ яамны байрны үүдэнд зогсож байгаад хоёр нь маргалдан хөшөөний ойролцоо очиж, зодолдож байгаа нь гаднах хяналтын камерт бичигдэн үлдсэн гэдгийг сайд Ж.Бат-Эрдэнэ хэлсэн байна.  

Хэрэгт сэжиглэгдэж буй Б.Махбал нь тухайн албан тушаалд 2017 оны 12 дугаар сарын 28-нд томилогджээ. 

Тэрбээр өмнө нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд газрын даргаар ажиллаж байгаад сайд Д.Сумъяабазарын тушаалаар ажлаасаа чөлөөлөгдөн, ЗТХЯ-нд иржээ. АН-ын угшилтай гэх түүний томилгоог хоёр янзаар тайлбарлан ярьцгааж байж. Ерөнхийлөгч Х.Баттулгын үед ЗТХЯ-нд ажиллаж байсан тул дээрээс чиглүүлэн томилсон гэх, нөгөө нь Ж.Бат-Эрдэнэ сайдын адил хурдан морь сонирхдог, адилхан уяачид гэдгээр нь яаманд яриа үүсч байжээ. 

Тэгвэл Б.Махбалын Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн “Хөрөнгө орлогын мэдүүлэг”-т хадuаламждаа 117 сая төгрөгтэй, 480 саяын үнэт эдлэлтэй, 3 орон сууц, үйлдвэр үйлчилгээний 3 объект нь тэрбум 570 саяын үнэлгээтэй, 80 саяар үнэлсэн Lexus 570-тай, эзэмшлийн хоёр газартай, гэр бүлийн жилийн орлого нь 229 сая төгрөг хэмээн тэмдэглэгджээ.