Ёс зүйтэй эр хамгийн сайн аав болдог

Нийгэм / Time Admin
2018 оны 08 сарын 08

Манай улс 1562.4 мянган эрэгтэй хүнтэй. Монгол эрчүүд дунджаар 26 насандаа гэр бүл зохиож, 66 насалдаг сонирхолтой судалгааг Үндэсний статистикийн хороо гаргасан байна. Мөн эрчүүдийн 15 хувь нь дээд боловсролтой гэх судалгаа нь “хангалттай биш” гэх үнэлгээг танд төрүүлж болох ч эр хүн бүхэн “аав” болдог. Хүмүүжил, боловсрол, ёс зүй, эд хөрөнгө, нийгмийн давхарга үл хамааран “аав” болдог эрчүүд тэгвэл  “сайн аав” байхын тулд хамгийн чухал нь ёсзүйтэй байх хэрэгтэй гэдгийг гэр бүл судлаачид, эрдэмтэн багш нар, энгийн аав нар ч зөвлөж байна.

“Монголын эрчүүдийн холбоо” 2005 онд олон нийтийн дунд “Аавуудын өдөр”-тэй болох санал асуулга явуулж2005 оны наймдугаар сарын 8-нд анх удаа “Аавуудын өдөр”-ийг тэмдэглэсээр өнөөдрийг хүрсэн юм. Өнөөдөр “ААвуудын өдөр”

Ёс зүй, түүний төлөвшлийн боловсрол гэж юу вэ?

Ёс зүй нь хүний үйлдэл, сэтгэл оюуныг зөв замд чиглүүлэх, ёс бус буруу үйлдлээс сэргийлэхэд тусалдаг учраас хүн ёст, зөв сайн, бидний хэлдгээр “хүн чанартай” хүн төлөвшихийн суурь юм. Хүн хүнтэйгээ харьцах ёс суртахууны үнэт чанарыг эзэмшүүлэх, нийгмийн харилцааны бүхий л хүрээнд мөрдөх хэм хэмжээг ухамсарлуулах үйл ажиллагаа, түүний үр дүнг ёс зүйн боловсрол гэнэ.

Түрэмгийлэл, танхайрал, залилан, авилгал хаа сайгүй байгаа өнөө үед нийгэм, бие хүний ёс суртахууны харилцаа эерэг, сөрөг чиглэлээр хувьсах нь зайлшгүй. Гэхдээ дэлхийн олон нэрт гүн ухаантан, сурган хүмүүжүүлэгчид “хүн өөрөө ямагт зөв сайн үйл хийх, сайн зүйл бүтээх эрмэлзэлтэй байх нь хамгийн чухал”, харин нийгэм бол “хүний ёс зүйн төлөвшлийн шалгуур”, ёс зүйн боловсрол нь хүхэд залуучууд, бие хүнээс өөрсдөөс нь, гэр бүлээс эхэлж явагддаг прагматик байх ёстой гэсэн санааг дэвшүүлсэн байна.

Монголчууд эрт дээр үеэс ёс зүйн боловсрол, хүмүүжлийг эзэмшүүлэх ёс зүйн харилцааны 80 хувь нь гэр бүлд оногддог хэмээн үзэж байсан тул хүүхдээ: “0-3 насанд нь хаан мэт тахи, 4-7 насанд нь хатан мэт тойл, 7-13 насанд нь харц мэт дагуул, 13-25 насанд нь хань мэт зөвлө” гэж сургаж байжээ. Монгол хүүхдийг монгол хүн болгон хүмүүжүүлж, ёс суртахууныг нь төлөвшүүлэхийн тулд монгол хүний, гэрийн, төрийн ёсны уламжлал, тухайн хүний ухамсар, соёлын хэмжээг илтгэдэг нийтийн ёс горим, ёс суртахууны эгэл хэм хэмжээ, зарчим, үндсэн ойлголтуудын талаарх суурь мэдлэгийг төрхөөс нь эхлээд гэр бүлд нь, цэцэрлэг, сургуульд нь уян хатан, прагматик хувилбартай эзэмшүүлэн “…хүмүүнлэг, үндэсний дэвшилтэт ёс заншил, ёс суртахууны соёлыг эзэмшсэн, эх оронч, хууль ёсыг дээдэлдэг үзэл төлөвшсөн“ иргэн болгох нь эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, бид бүхний үүрэг билээ.

Агуулгын хүрээ

Хүн бүр өсвөр залуу насандаа амьдралын утга чанарыг танин мэдэж, аж төрөхүйн зорилгоо зөв тодорхойлох, амьдралынхаа чанарыг дээшлүүлэхийн тулд авьяас чадвараа нээн хөгжүүлэх, мэргэжлээ сонгох, эрүүл мэнд, харилцаа, ёс суртахууны хувьд төлөвших, буруу зуршилд автахгүй байх, нийгэмд эзлэх байр сууриа баттай олоход шаардагдах чадвар эзэмшихэд чиглэнэ.

Зорилго

Насанд хүрэгчдийн ёс суртахуун-төлөвшлийн боловсролын талаарх мэдлэг чадварыг дээшлүүлэх, улмаар нийгэмд бие даан амьдрах чадвар бүхий ёс суртахууны боловсрол, хүмүүжилтэй иргэн төлөвшүүлэх, тэдний амьдралын чанарыг дээшлүүлж, нийгмийн баталгааг хангах.

Зорилт

  • Сайн ба муу, шударга ёс, үүрэг, нинжин сэтгэл, нэр төр, аз жаргал зэрэг ёс суртахууны үндсэн ухагдахуунуудыг зөв, эерэг талаас нь ойлгуулж, итгэл үнэмшил төлөвшүүлэх
  • Үнэнч байх, хүнлэг, энэрэнгүй байх, хөдөлмөрч хичээнгүй байх, хамтач байх, нийгэм хамт олны үйлсэд бие сэтгэлээ зориулдаг байх, байгаль орчныг дээдлэн хамгаалдаг байх, эх оронч байх зэрэг ёс суртахууны зарчмуудыг баримталдаг болгож, сэтгэлд нь суулгах
  • Хүнийг хүндлэх, дээдлэх, хайрлах, туслах г.м. ёс суртахуун, эрх зүйн хэм хэмжээг баримтлах хүсэл сэтгэлийг төрүүлэх, өдөр тутмын амьдралдаа баримталдаг болгох
  • Ёс суртахууны чадварууд,
  • Үр хүүхэд, гэр бүл, хувь хүн, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлах чадвартай болгох
  • Харилцааны соёл эзэмшүүлэх, хувь хүн, нийгмийн бүхий л давхаргын хүмүүстэй харилцах чадвартай болгох
  • Нийгэмд өөрийн байр суурийг олох, амьдралаа төлөвлөх, зохион байгуулах, зохицуулах, авч явах чадвартай болгох
  • Ёс суртахуунтай, оюунлаг, хүнлэг “зөв хүн”-иргэн төлөвшүүлэх 
  •                                                                                                                                                                                                                                   АРГАЗҮЙЧ БАГШ   ЯДАМСҮРЭНГИЙН БАТСҮРЭН