Өвөлжилтийн бэлтгэл ханган ажиллахыг үүрэг болгов

Улс төр / Time Admin
9 өдрийн өмнө

2018 оны долдугаар сарын 4-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай" 218 дугаар тогтоолыг баталсан юм. Уг тогтоолтой холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг аймаг, нийслэлийн Засаг дарга, ЗДТГ, аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, малчид, мал бүхий иргэдэд хандаж зөвлөмж гаргасан.

Зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2018 оны долдугаар сарын 30-н гэхэд Засгийн газрын бүх гишүүд, яам, агентлагийн албан тушаалтнууд тус тус ажилдаа орсон байх чиглэлийн дагуу 2018.07.31-ний өдөр ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг яамны шуурхай хурал зохион байгуулж, бүх газар, хэлтсийн дарга нарыг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг үүрэгдлээ.

Энэ дагуу 2018-2019 оны өвлийг өнтэй, хохирол багатай даван туулах, өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохион байгуулах, ургац хураалтын ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэх, түүнчлэн ургацаа хамгаалах, үүсч болзошгүй цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр ХХААХҮЯ-ны хамт олон ажиллаж байна.