Албан тушаалтны буруу шийдвэрийн улмаас төсвөөс 462.2 сая төгрөг гаргажээ

Эдийн засаг / Н. Сугар
2018 оны 08 сарын 09

Албан тушаалтныг ажлаас чөлөөлсөн яамны удирдлагын хууль бус шийдвэрийг шүүх хүчингүй болгож, ажилд нь эгүүлэн томилох тохиолдол олон. Улмаар буруу шийдвэрийн үр дүнд улс төсвөөс нөхөн олговор олгодог. Авлигатай тэмцэх газраас хийсэн шалгалтаар 2016, 2017 онуудад илэрсэн зөрчлийг таницлуулж байна.

2016, 2017 онуудад шүүхээр шийдэгдсэн төрийн албаны маргаан нь сонгуультай холбоотой гээд хэлчихэж болно. Эрх баригчид солигдсоны дараа дарга цэрэггүй солигдож төрийн албыг орвонгоор нь эргүүлдэг бичигдээгүй дүрэм бий. Ашиг сонирхолтой, муйхар шийдвэрийн балгыг татвар төлөгчдийн мөнгөөр шийдвэрлэдэг. Тухайлбал 2016 оны сонгуулийн дараа Эрдэнэбатын засгийн газар бүрдсэн. Засгийн газар солигдож Хүрэлсүхийн засгийн газар байгуулагдсан цаг үе юм.

Байгууллага                                                                            Шүүхэд хандсан хүний тоо                   Нөхөн олговор

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам                                                                                 30,3 сая төгрөг

Эрүүл мэндийн яам                                                              9 хүн                                                        62 сая төгрөг /2 хүнд/

Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам                                    12 хүн                                                      224 сая төгрөг

Нийгмийн даатгалын ерөнхий газар                                  3 хүн                                                        18 сая төгрөг

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар                     1 хүн                                                        6 сая төгрөг

Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар             -                                                               65 сая төгрөг

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар                      2 хүн                                                        19,9 сая төгрөг

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар                   6 хүн                                                       35,2 сая төгрөг

Зөвхөн шүүхээр шийдэгдсэн маргаануудад татвар төлөгчдийн мөнгөнөөс нийтдээ 462,2 сая төгрөг зарцуулсан. Энэ нь аль нэг албан тушаалтны буруу шийдвэрийг хариуцлагыг иргэд хүлээж байна гэж ойлгож болно.  2018 оны төсөвт мөн хууль бус шийдвэрийн улмаас төлөх нөхөн олговорт олгохоор хөрөнгө төсөвлөгдсөн. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрээр ажлаас үндэслэлгүй халагдсан, чөлөөлөгдсөн этгээдийг ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байх хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх мөнгөө бэлдчихээж сууж байна гэсэн үг. Уг нь захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд заасны дагуу хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтнаар төсвөөс гаргасан мөнгийг нөхөн төлүүлэх эрх зүйн үндэс бүрдсэн. Гэвч хуулийн хэрэгжилт тааруу байгааг сануулж АТГ-аас засгийн газарт зөвлөмж хүргүүлээд байна.