Хуучин хогийн цэг байсан газарт цэцэрлэгт хүрээлэн, усан парк байгуулжээ

Нийслэл / Time Admin
2018 оны 08 сарын 31

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд “Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэн, усан парк бий болжээ. Хуучин хогийн цэг байсан энэ газрыг иргэн С.Өлзийтогтох өөрийн хөрөнгөөр засаж тохижуулж, цэцэрлэгт хүрээлэн гэж нэрлэгдэх хүртэл бүхий л тохижилтын ажлыг хийжээ. БНСУ-д ажиллаж амьдарч байсан тэрээр эх орондоо ирээд өөрийн санаачлагаар энэ ажлыг эхлүүлж байжээ.

Айл өрхөөс газрыг нь авч нуурын баруун талд авто зогсоол шийдсэн байна. 2014 онд Чингэлтэй дүүргээс тохижилтын ажлыг дэмжиж 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Ногоон нуур орчмын энэ хэсэг газар хад чулуу ихтэй, хүүхдэд аюултай орчин байсныг тохижуулж хашаа хатгаж, гэрэлтүүлэг, камер суурилуулжээ.

Улаанбаатар хот, Богд уул бүтнээрээ харагдах хэсэгт тавцан зассан бөгөөд жуулчид сүүлийн үед ихээр ирэх болсон гэнэ. Ногоон нуурын орчимд 400 орчим мод, бут, сөөг ургаж байна.

Зундаа усан парк, өвөлдөө мөсөн гулгуурын талбай болгон хүүхэд багачуудад үйлчилдэг. Ойр хавийн айл өрхийн 2 хүнийг авч өвөлдөө мөсөн гулгуурын талбайд ажиллуулдаг байна. Усан завинд сургуулийн насны хүүхэд, том хүн нэг цагийн 4000 төгрөгийн төлбөртэй сууж болно. Цэцэрлэгт хүрээлэнг түшиглэн сургалтын төв байгуулж, англи хэл болон өөр олон төрлийн сургалт явуулах бодолтой байгаагаа Чингэлтэй дүүргийн иргэн С.Өлзийтогтох ярилаа. Энэхүү тохижилтыг 70 гаруй сая төгрөгөөр хийжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хувь хүн өөрийн боломж бололцоогоор энэ орчмын газрыг тохижуулжээ. Энэ орчимд амьдардаг хүүхдүүд цугладаг учир аялал зугаалгын бүс болгож болох юм. Нийслэл хотын зүгээс Ерөнхий төлөвлөгөөний газартай ярьж илүү мэргэжлийн төлөвлөлт хийх талаас нь мэргэжлийн туслалцаа үзүүлнэ. Ногоон нуур орчмын газар өвөрмөц тогтоцтой, хүүхэд тоглоход хад чулуу нурах эрсдэлтэй учир энэ талын зөвлөгөө тусламж чухал юм. Иргэн зөвшөөрвөл нийслэлээс тохижилтын ажилд нь хөрөнгө оруулалт хийж хувийн хэвшил, төр хамтарсан олон нийтэд нээлттэй, аюулгүй орчинтой цэцэрлэгт хүрээлэн бий болгож болох юм” гэж ярилаа.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс