Зорилготой амьдрахуй

life goals зурган илэрцүүд

Хүний амьдралд зорилгоо зөв тодорхойлох явдал хамгаас чухал зүйл байж мэдэх юм шүү. Хүнийг ерөнхийд нь сайн муу гэж хуваадаг шиг зорилготой хүн, зорилгогүй хүн гэж хувааж болмоор санагддаг.

Зорилго дотроо том, жижиг гээд янз бүр байж болох. Өдөр, сарын зорилгыг "төлөвлөгөө" гэж өөрөөр нэрлэх тохиолдол бий. Уг чанартаа бас л нэг төрлийн зорилго болой. Ер нь зорилго дотроо амьдралын, ажил хэргийн, холын, ойрын, гол, гол бус гээд олон төрөл зүйлтэй байдаг. Өнгө хээ талаас нь зорилгыг зөв, буруу, сайн муу хэмээн нэрлэж болно.

Зорилго бодитой, өөрийн хэр чинээнд тохирсон байх нь зохистой. Тэр бүх хүрээ хязгаараас даван гарсан тохиолдолд зорилго биш хийрхэл болон хувирч мэдэшгүй.

Хүний амьдралын цаг үе бүхэнд өөр өөр зорилго урган гарч болно. Гэхдээ нэг хэлэх гээд халгаж ядаад байгаа нэг зүйл бол зорилгоо хатуу, цэгцтэй тодорхойлчихсон хүн цөөхөн талдаа байх гээд байдаг шүү. Бас осолгүй нэг зорилго тавьчихсан хэр нь түүнийгээ гүйцэлдүүлэх арга эвээ олохгүй нь ч бас цөөнгүй байдаг шиг.

Ер нь амьдралын урт холын замд хүн бүрийн хувьд амжилт ололт, ялагдал бүтэлгүйтэл гээд гээд аль олон зүйл тохиолдохыг тэр гэхэв. Амьдралын энэ тод өнгө ялгарлын шийдвэрлэх хүчин зүйл зорилготой эс бөгөөс зорилгогүй гэдгээс шалтгаалдаг ч болох юм. Энэ утгаар хүүхэд залууст зорилготой амьдрахын утга учрыг томчууд бид эртнээс хэлж ойлгуулж байх хэрэгтэй л дээ.

Зорилготой амьдарч сурахын хамгийн том урьдач нөхцөл нь эхлээд жижиг буюу ойрын зорилгыг оновчтой зөв тодорхойлох, бүр тодорхой хэлбэл өдрийн зөв дэг тогтоогоод түүнээ ягштал баримтлаж дадахаас эхлэдэг ч байж мэдэх юм шүү.

Таны тавьсан зорилго өөртөө болоод өрөөл бусад олон хүмүүст тустай байж чадах эсэхээс түүний агуулга, хүч чадал тодорхойлогдож таарна. Харин зөвхөн идэж уух, өмсөж зүүх тэргүүтнийг өдөр тутмын амьдралын зорилго болгочихоод урсгалаараа явж байдаг ганц нэг хүн байваас адгуусны амьдралын зорилгын тэн хагас нь бараг дээрх агуулгаар тодорхойлогдох бус уу гэдгийг сайтар бодож үзмээр.

Та энэ бичлэгийг уншиж суух зуур өөртөө "Миний тавьсан байгаа зорилго юу билээ?" гэж эргэцүүлээд үзэхэд гэмгүй. Дорно дахинд зорилготой амьдрах ухааныг "Зоригийг олохуй" хэмээн сайхан нэрлэсэн нь буй. Та зоригийг олж зорилгоо тодорхойлж чадсан уу?

Хичээлийн агуулгадаа ийм сэдвийг оруулж зорилгоо тодорхойлох арга зүй, түүнд хэрхин богино дөт замаар хүрдэг арга ухааныг заадаг сургууль манай улсад хэд байдаг бол гэдэг талаар хичээлийн шинэ жилийн эхний өдөр бодогдсон хэд гурван үгсийг хэлхиж та бүхний гэгээн мэлмийд толилуулавай.