Улаанбаатар хотын гэр хорооллыг эко хороолол болгон хөгжүүлэхэд АХБ дэмжлэг үзүүлнэ

Нийслэл / Time Admin
2018 оны 08 сарын 29

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ (2018 оны 8 дугаар сарын 28) — Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Захирлуудын зөвлөл Улаанбаатар хотын гэр хорооллыг орлогод нийцсэн, хүлэмжийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадвартай, амьдрахад таатай эко хороолол болгон хөгжүүлэхээр 80 сая ам.долларын зээлийн төслийг баталлаа. 

Уур амьсгалын ногоон сан (УАНС)-гаас Монгол Улсад олгох 95 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, 50 сая ам.долларын буцалтгүй тусламж болон Өндөр түвшний технологийн сан (ӨТТС)-гаас олгох 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийг АХБ мөн хариуцан хэрэгжүүлэх юм. ӨТТС нь АХБ-ны дэмжлэгтэй хэрэгжих төслүүдийн шинэлэг шийдлүүдийг дэмжих зорилгоор 2017 онд байгуулагджээ.

Монгол Улсын нийт хүн амын гуравны нэг болох бага, дунд орлоготой өрхүүд  гэр хороололд амьдарч байна. Гэр хороололд дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй, хатуу хог хаягдлын менежмент хангалтгүй, ус хангамж хязгаарлагдмал байгаа зэргээс шалтгаалсан эрүүл мэнд, байгаль орчны асуудлууд ихээр тулгардаг. Мөн халаалт болон эрчим хүчний зориулалтаар түүхий нүүрс, био түлшийг их хэмжээгээр хэрэглэдгээс нүүрсхүчлийн давхар ислийн ялгаруулалт ихэсч, ялангуяа өвлийн улиралд агаарын бохирдлыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж байна.

“Улаанбаатар хотын гэр хороололд оршин сууж буй 850,000 орчим хүн өнөөдөр хотын нийтийн аж ахуйн үйлчилгээнд хамрагдаж чадаагүй байна” гэж АХБ-ны Хот хөгжүүлэлтийн ахлах мэргэжилтэн Арно Хекман хэлээд “Нийтийн аж ахуйн үйлчилгээнд холбогдсон, ногоон орчин бүрдсэн, төрөл бүрийн үйлчилгээ болон ажлын байр хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй 20 орчим эко хорооллыг энэхүү төслөөр санхүүжүүлэх бөгөөд ингэснээр төслийн үр шимийг шууд хүртэн “ногоон” орон сууцанд орох 10,000 оршин суугчийг оролцуулаад нийт 100,000 орчим иргэний амьдрах орчин сайжрах юм” хэмээн тэмдэглэв.

Бага, дунд орлоготой өрхүүдийн боломжид нийцэх орон сууцны сонголт хязгаарлагдмал байдгаас хотод шилжин суурьшиж буй иргэдийн болон хүн амын механик өсөлтийн дүнд гэр хороололд оршин суух хүн амын тоо нэмэгдсээр байна. Нийслэлийн орон сууцны корпорациас 2016 онд хийсэн судалгаагаар 150,000 айлын орон сууцны эрэлт байгаа хэдий ч төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны нийлүүлэлт нь дөнгөж 4,000 айлын орон сууц байгааг, мөн гэр хорооллын хүн амын 60 хувь нь хэрэв боломжийн үнэтэй, сэтгэлд нийцэх хувилбар байвал орон сууцанд орох хүсэлтэй байгааг тогтоосон байна.

Энэхүү төсөл нь гадны нөлөөнд өртөмтгий, стандартын шаардлага хангахгүй, агаар, орчныг ихээр бохирдуулагч гэр хорооллуудыг төлбөрийн чадварт нийцсэн, нүүрсхүчлийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, амьдрахад таатай эко хорооллууд болгон өөрчлөх тогтвортой бөгөөд цогц шийдлүүдийг агуулсан томоохон хэмжээний үйл ажиллагаа болох юм.

“Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл” төслийн хүрээнд авто зам, цэвэр, бохир ус, дулаан хангамж зэрэг үндсэн дэд бүтэц нь шийдэгдсэн 1,500 айлын түрээсийн орон сууц баригдах бөгөөд эдгээр орон сууцууд нь хот, суурин газарт тохирсон хүлэмж, нийтийн болон ногоон байгууламжууд, төрийн үйлчилгээ, ӨТТС-ийн санхүүжилттэй барилгын ашиглалт, сэргээгдэх эрчим хүчний хяналтын ухаалаг систем болон нарны эрчим хүчний дээврийн хавтан зэрэг шийдлүүдийг багтаасан байна.

УАНС-аас олгож буй зээлийн эх үүсвэрээс 75.7 сая ам.долларыг Эко хороолол, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны сан (ЭХТЧНОСС)-д хуваарилах бөгөөд тус сан нь арилжааны банкуудаар дамжуулан барилгын компаниудад урт хугацааны зээл, иргэдэд бага хүүтэй орон сууцны зээлийг олгох юм. Зээл авсан барилгын компаниуд нь зээлийн хөрөнгөө төлбөрийн чадварт нийцсэн 5,500 айлын орон сууц болон зах зээлийн үнээр борлуулагдах 3,000 айлын орон сууц буюу нийт 8,500 айлын орон сууцыг барихад зарцуулна. ЭХТЧНОСС-д хуваарилагдах энэхүү санхүүжилт нь нэмэлтээр 300 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг барилгын компаниуд, арилжааны банкууд, ирээдүйн оршин суугчид зэрэг оролцогч талуудаас босгохоор тооцоолсон. Монгол Улсын Хөгжлийн банкны дэргэдэх Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь Сангийн яамыг төлөөлөн ЭХТЧНОСС-г удирдана. УАНС-аас олгох буцалтгүй тусламжийн хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн оновчтой шийдлүүдийг нэвтрүүлсэн барилгын компаниудтай хийх үр дүнд суурилсан буцалтгүй тусламжид зарцуулна.

Эко хорооллуудыг бий болгох энэхүү ажил нь газрыг сайн дурын үндсэн дээр орон сууцаар солих зарчимд тулгуурлан хэрэгжинэ. Төлөвлөгдсөн эко хорооллын нутаг дэвсгэрт хамаарах газрыг өмчлөгч болон түрээсээр оршин суугч нь тухайн механизмд оролцох эсэхээ шийдэх эрхтэй. Хэрэв оролцохоор шийдвэл газрыг орон сууцаар солих зарчмын дагуу эсхүл “түрээслээд өмчлөх” шийдэл болон орлогод нийцсэн түрээсийн хөтөлбөр зэргээр дамжуулан эко хороололд орон сууц авах сонголт нээгдэнэ. Хэрэв оролцохгүй тохиолдолд тухайн оролцоогүй өрхөд нөлөөлөхгүй байхаар эко хорооллын зураг төслийг боловсруулна. Оршин суугчдын оролцоог хангах төлөвлөгөөний хүрээнд ядуу өрхүүдэд чиглэсэн ур чадвар олгох, ажлын байртай холбох зэрэг үйл ажиллагааг явуулах юм.

Институцийн болон бодлогын орчинг сайжруулснаар зохицуулалт, норм, стандарт, уур амьсгалын өөрчлөлтөд мэдрэмжтэй хот төлөвлөлтийг хэрэгжүүлэх салбарын чадавхи, барилгын ашиглалт, эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчийг барилга байгууламжид нэвтрүүлэх, орлогод нийцсэн нүүрсхүчлийн хийн ялгарал бага орон сууцны нийлүүлэлт, хүртээмжийн өсөлт, ногоон орон сууцны тогтвортой санхүүжилт, байгальд үр ашигтай нийтийн аж ахуйн үйлчилгээ зэргээс гарах өөрчлөлтийн нөлөөллийг оновчтой чиглүүлэх болно.

Энэхүү төсөл нь нийт 570.1 сая ам.долларын өртөгтэйгээр 2026 оныг дуустал хэрэгжих ажээ. 

АХБ нь нэн ядуурлыг үгүй болгох хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 67 гишүүн орны 48 нь тухайн бүс нутагт оршдог. 2017 оны байдлаар АХБ-наас хөгжиж буй гишүүн орнууддаа нийт 32.2 тэрбум ам.долларын туслалцаа үзүүлснээс 11.9 тэрбумыг хамтарсан санхүүжилтээр олгожээ.