Б.Ууганбаяр: СХЗГ-ын үйл ажиллагаа, нэр бүхий алба хаагчдыг гүтгэсэн хэвээр байна

Ярилцлага / Time Admin
2018 оны 09 сарын 11

Стандарт, хэмжил зүйн газрын нэр бүхий албан хаагчид хууль бус үйлдлүүдээ нуун дарагдуулж байна гэх утгатай мэдээлэл олон нийтийн  мэдээллийн хэрэгслүүдээр гарсан. Уг асуудлаар Стандарт, хэмжил зүйн газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Ууганбаяраас зарм зүйлийг тодрууллаа.

Стандарт, хэмжил зүйн газрын тухай таагүй мэдээллүүд гараад байна. Энэ талаар тодруулах гэсэн юм.

Бололгүй яахав. Стандарт, хэмжил зүйн газрын үйл ажиллагаа, нэр бүхий албан хаагчдыг баримт нотолгоогүйгээр гүтгэсэн мэдээллүүд нэлээдгүй гарсан. Энэ дагуу бид зарим сайтуудад эх сурвалжаа нягтлаагүй, баримт нотолгоогүй мэдээлэл түгээсэн хэмээн тараасан мэдээллээ залруулах тухай шаардлага хүргүүлсэн. Энэ дагуу явж байна гэж ойлгож байна.

Баримт нотолгоогүй хүний нэр төрийг гутаасан гэдэг нь юугаар нотлогдох юм бэ?

Цагдаагийн байгууллага, Прокурорын байгууллага, Шүүх зэрэг хууль хяналтын байгууллага бүх шатандаа хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан байна гэж шийдвэрлэсэн. Тухайлбал, БЗД-ийн цагдаагийн хэлтсээс Dorgio.mn сайтад баримт нотолгоогүй хүний нэр төр алдар хүнд ажил хэргийн нэр хүндийг гутаасан, мэдээлэл тараасан байна гэж үзэж зөрчлийн тухай хуулийн дагуу 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. БЗД-ийн прокурорын газраас цагдаагийн эрх бүхий албан тушаалтны шийтгэл нь үндэслэлтэй байна гэж үзсэн. Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Стандарт, хэмжил зүйн газрын үйл ажиллагаа, нэр бүхий албан хаагчдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг баримт нотолгоогүй илтэд гүжирдсэн байна гэж шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрээр Стандарт, хэмжил зүйн газрын нэр бүхий албан хаагч болох Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр, Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Г.Өнөржаргал, Итгэмжлэлийн газрын дарга С.Ганцэцэг, Хэмжил зүйн хүрээлэнгийн дарга Д.Дамбасүрэн, ахлах мэргэжилтэн Д.Болд нарын гутаагдсан нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, dorgio.mn сайтыг залруулга хийсэн мэдээлэл гаргаж, тараасан аргаар няцаалт хийлгэхийг даалгасан. Түүнчлэн гэм хор учруулсан гэж зохих нөхөн төлбөрийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Гэвч dorgio.mn сайтын сэтгүүлч А.Баярмаа нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх бус гүтгэлэгийн мэдээллийг үргэлжлүүлэн гарган бусад хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулж гаргасаар байгаад харамсаж байна.

СХЗГ-ын дарга гэмт хэргийг нуун дарагдуулсан гэх мэдээлэл байсан. Энэ ямар учиртай юм бэ?

Гэмт хэргийг нуун дарагдуулна гэдэг нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг юм. Тэгэхээр Стандарт, хэмжил зүйн газрын дарга гэмт хэрэг үйлдсэн гэж ойлгогдохоор мэдээллийг хэвлэл мэдээллийн хэд хэдэн хэрэгслээр түгээсэн. Миний ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарийн дагуу би Стандарт, хэмжил зүйн газрын хууль ёсны эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байдаг. Би Г.Гантөмөр гэдэг хувь хүн биш Стандарт, хэмжил зүйн газрын даргатай холбоотой асуудлаар хууль шүүхийн байгууллагад ажил үүргийн дагуу төлөөлөн ажилладаг.

СХЗГ-ын дарга Г.Гантөмөр гэмт хэргийг нуун дарагдуулсан гэх асуудлыг Стандарт, хэмжил зүйн газраас Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст холбогдох баримт материалын хамт шалгуулаад Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгаас шалгаад гэмт хэргийн шинжгүй байна гэж шийдвэрлэсэн. Шалгах эрх бүхий байгууллагын дүгнэлт гарчихсан байхад гэмт хэрэг нуун дарагдуулсан гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээгээд байгаа нь үнэнд нийцэхгүй байгаа юм. Гэхдээ Үнэт цаасны зөрчил гарсан уу гэвэл гарсан, СХЗГ-ын дарга өөрт оногдсон эрх хэмжээний хүрээнд Төрийн албан хаагчид оногдуулах хамгийн хатуу шийтгэл болох Төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орохгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. 

Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж Монгол Улсын Үндсэн хуульд заасан байдаг. Тэгэхээр шүүхээр гэмт хэрэг үйлдсэн гэж хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гараагүй байхад Гэмт хэргийг нуун дарагдуулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэж байгаа нь гүтгэлэг юм.

“Чанарын менежментийн тогтолцоо”, “Менежментийн тогтолцоонд аудит явуулах заавар” стандартын хоёр номыг хэвлүүлж, өндөр үнээр худалдаалж олсон мөнгийг хувьдаа ашиг олдог гэх мэдээллийн талаар?

Чанарын менежментийн тогтолцоо”, “Менежментийн тогтолцоонд аудит явуулах заавар” стандартын хоёр номыг хэвлэсэн үгүйдээ гол асуудал биш худалдсан мөнгийг хувьдаа завшсан уу үгүй юу гэдэгт гол асуудал байгаа юм. Би энэ асуудал дээр тайлбар хэлэхээс илүүтэй хөндлөнгийн байгууллагын дүгнэлт чухал болов уу гэж бодож байна. Юу вэ гэвэл яг энэ асуудлаар манай агентлагийн Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын газрын даргаар ажиллаж байгаад ёс зүйн зөрчил гаргаж ажлаасаа халагдсан Б.Ариунаа гэдэг хүн “Чанарын менежментийн тогтолцоо”, “Менежментийн тогтолцоонд аудит явуулах заавар” стандартын хоёр номыг хэвлүүлж, өндөр үнээр худалдаалж олсон мөнгийг хувьдаа ашиг олдог гэх гомдлыг АТГ-д өгсөн. Харин АТГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж зохих журмын дагуу шалгаад хууль тогтоомжийн дагуу ажилласан байна, ном худалдаалсан мөнгийг хувьдаа ашигласан зүйл тогтоогдоогүй байна гэж хэрэг бүртгэлийн хэргийг хаасан байдаг. Мөн Үндэсний аудитын газрын 2016 болон 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийгээд “Зөрчилгүй” гэх дүгнэлт гаргасан. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс дээрх номыг зарж хувьдаа ашиг олсон гэдэг нь гүтгэлэг байна гэж Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан.

Албаны автомашиныг зориулалтын дагуу ашиглаагүй, осолд орсон гэдэг нь үнэн үү?

Ний нуугүй хэлэхэд би энэ асуудлыг ярихаас эмээж байна. Асууж байгаа болохоор ерөнхийд нь хариулъя. СХЗГ-ын өмчлөлийн Цагаан өнгийн прадо автомашин осолд орсон нь үнэн. Гэхдээ  Увс аймаг руу албан томилолтоор явах замдаа, ажил үүргээ гүйцэтгэж яваад осолд орсон. Би яагаад энэ асуудлыг ярихаас эмээгээд байгаа вэ гэвэл уг ослын улмаас дотор нь зорчиж явсан тус агентлагийн 5 албан хаагч бэртэж хүнд гэмтсэн. Эдгээр 5 албан хаагчаас өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэж байгаа хүн байна мөн нуруу нугасаа хадуулсан хүн хүртэл байгаа. Ер нь хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчимд бусдын уй гашуу, зовлон шаналалд хүндэтгэлтэй хандана, осол аваарын хохирогчдын нэр, нас, албан тушаал болон бусад мэдээллээ хамгаалуулах эрхтэй байдаг юм байна лээ. Гэтэл зарим сэтгүүлч тэр дундаа Dorgio.mn сайтын сэтгүүлч А.Баярмаа нь Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэх далбаан дор хүний нэр төр алдар хүндийг гутааж, ёс зүйгүй үйлдэл гаргасаар байгаад харамсаж байна. Хэдийгээр сэтгүүлчид маань Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй ч тэрхүү эрх нь  нөгөө хүний эрхээр хязгаарлагдах ёстой. Мэдээлэл нь үнэн бодитой байх ёстой. Ажил мэргэжлийн давуу байдлаа ашиглан гүтгэлэг гүжирдлэг явуулаад байх ёсгүй. Тиймээс энэ асуудлаар Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлд Стандарт, хэмжил зүйн газраас гомдол гаргасан бөгөөд удахгүй шийдвэр гарах байх.