С.Батболд: Улаанбаатар хотыг Сингапур шиг болгохыг мөрөөдөж байна

Улс төр / Time Admin
2018 оны 09 сарын 05

Нийслэлийн Засаг дарга С.Батболд замын түгжрэл болон бусад асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Улаанбаатарын түгжрэлийг бууруулахын тулд гүүрүүдийн бүтээл байгуулалтыг хийж байна. Яармагийн гүүр 11 дүгээр сарын 1-нд ашиглалтад орно, Баянзүрх болон Сонсголонгийн гүүр ирэх оны 11 дүгээр сард ашиглалтад орно. Зайсангийн гүүрийг гоёмсог байдлаар байгуулах талаар төлөвлөж байгаа. 2019 онд тодорхой шийдэлд хүрнэ.

Налайхын 20.9 км замыг 4 эгнээ болгох асуудал 2016 оноос эхэлж яригдсан. Одоо 14 хоногийн дотор Сангийн яамныхан БНХАУ-тай тохироцож, ирэх оны гуравдугаар сард замын барилгын ажлыг эхлүүлнэ.

Улиастайн гүүрний уулзвараас Баянзүрхийн уулзвар хүртэл үүсч байгаа түгжрэлийг шийдэхээр дөрвөн эгнээ болгон өөрчлөнө. Үлдсэн замыг хоёр эгнээ болгож барина. Энэ замыг барихдаа 14 хоногийн дотор зам хаахгүйгээр барина. Түүнчлэн Баянзүрх дүүргийн товчоог татан буулгаж, мөнгө хураадаггүй болно.

Зүүн тийшээ гардаг таван аймаг, гурван дүүргийн замын асуудал шийдэгдэнэ. Хөшгийн хөндийн зам ирэх 11 дүгээр сард нээлтээ хийж,  ирэх оны дөрөвдүгээр сард бүрэн ашиглалтад орно.

Унадаг дугуй UBike төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Дугуйг гэртээ аваачдаг, эвддэг байдал өөрчлөгдөж байна. Дугуйн замыг нэмэгдүүлэх сайжруулах чиглэлээр ажиллаж байна. 129 орц, гарцыг “зам чөлөөл” аяны хүрээнд чөлөөлсөн. Иргэд, нийгмийн сүлжээтэй хамтран хийсэн үр дүнтэй ажил боллоо.  

“Автомашины дугаарын тэгш, сондгойгоор явуулах” талаар санал асуулга явуулахад иргэд дэмжээгүй. Гэтэл одоо “тэгш, сондгойгоор явуулж өгөөч” гэсэн хүсэлтүүд ирж байна. Энэ асуудлыг дахин бодолцоно.

Хотын төвөөс захуудыг гаргах, автомашины захуудыг гаргах асуудлыг цэгцэлнэ. Да хүрээ гэдэг газрыг гаргахаар шүүхдэлцээд явж байна. Улаанбаатар хотын төвд Нарантуул, Да хүрээ, Өгөөмөр зэрэг захууд байхгүй болно.

Хот дүрэм, стандарттай байх ёстой. Улаанбаатар хот Сингапур шиг байх ёстой гэж мөрөөдөж байна. Сингапур хотод бүх зүйл стандартын дагуу. Бид яагаад стандартыг тогтоож болохгүй гэж”  гэв.