Ч.Хүрэлбаатар: Цалин нэмэхийн тулд өр тавих шаардлага үүснэ

Улс төр / Time Admin
2018 оны 09 сарын 06

Сургуулийн багш нар ажил хаяад дөрөв хонож байгаа бол зарим цэцэрлэгүүд өнөөдрөөс ажил хаяалтад нэгдэж байна. Ажил халтын шаардлага нь “цалингаа 15-50 хувиар нэмэгдүүлэх” явдал. Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Цалин нэмэх боломжгүй” хэмээн мэдээллээ.

Тэрбээр “Есдүгээр сарын 1-нд төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлыг шийдсэн. Үүнээс илүү нэмэхийн тулд өр тавих шаардлага үүснэ. Зээлийн хүү, зээл төлөлт хэцүү. 2012 оны нэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газар авсан зээлийнхээ хүүнд л 37 тэрбум төгрөг төлдөг байсан. Тэгээд Сангийн сайдын ажлаа авахад авсан зээлийн хүүнд 1.4 их наяд төгрөг төлж байсан. Гэтэл Монгол Улсын тэтгэврийн сангийн хэмжээ нийтдээ 1.7 их наяд төгрөг байна. Тэгэхээр нийт ахмадуудад олгодог тэтгэвэр, халамж тэтгэмж бүгд нийлээд 1.7 их наяд төгрөг байхад бараг түүнтэй тэмцэх хэмжээний их мөнгийг зөвхөн авсан зээлийн хүүнд төлж байсан. Үүнийг одоо бууруулж, цэгцлээд явж байна. Тэгэхээр одоо ахиад төсөвт энэ их хэмжээний ачаалал өгвөл өрөө буулгах дарах, биш өсгөх эрсдэл үүснэ. Тиймээс байгаа хэмжээндээ тааруулж цалин нэмсэн. Одоо удахгүй Улаанбаатарын утааны асуудал ихэснэ. Үүнийг шийдэх, сургууль цэцэрлэг барих гээд асуудлыг шийдэх ёстой. Тэгэхээр энэ бүхнийг иргэд ойлгож байгаа гэж бодож байна.  Байгаа эдийн засгаа маш сайн ойлгох хэрэгтэй. Засгийн газарт өөр боломж байхгүй. Цалинг 50 хувиар нэмнэ гэвэл үндсэндээ 1 их наяд төгрөг. Энэ хэмжээгээр цалин нэмнэ. Нэг их наядаар нь гаргаад явах боломж байхгүй” гэсэн юм.