“Өргөсөн тангарагтаа үнэнч байна” гэсэн ёс суртахуун бидний цээжинд, тархинд бичээстэй байлаа

Ярилцлага / Time Admin
11 өдрийн өмнө

байтаг богд зурган илэрцүүд

Өнгөрсөн хавар дэлгэцэнд гарсан “Маш нууц-2 Байтаг Богд” уран сайхны кино үзэгчдийг нэлээд байлдан дагуулж, зүрх сэтгэлийг огшоож чадсан билээ. Тус кинон дундуур явдаг

“Ямархан хэцүү заяаг туулсаар Монгол минь бүтэн үлдээ бол

Яруу алдраа сонсож амжаагүй хэчнээн баатар үрэгдээ бол”

 хэмээх дууны мөрийг сонсоод өөрийн эрхгүй хоолой зангирч байлаа.

Түүнээс хойш эх орныхоо дархан хилийг хамгаалахаар амь биеэ үл хайхран тэмцэж явсан ахмад дайчид, түүхийн амьд гэрчтэй уулзаж ярилцах юмсан хэмээн сураг тавьж, хайсаар Л.Даваажав гуайтай уулзсан юм. Тэрээр 1929 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд Ламцэрэнгийн 10 хүүхдийн 9 дэх нь болж мэндэлжээ. Л.Даваажав гуай эрүүл мэндийн салбарт 45 жил тасралтгүй ажиллаж, 73 нас хүрсэн хойноо гэртээ суужээ. Тэрээр тун чиг хөнгөн шингэн биетэй, шаламгай нэгэн байсан боловч хэдэн жилийн өмнө явган хүний гарцаар гарч яваад мөргүүлж, чадваргүй жолоочийн гайгаар нуруундаа бэртэл авч бие нь нэлээн сульдсан гэнэ. Даваажав гуайтай ярилцаж суухад уран сайхны кинон дээр гарснаас хэд дахин хүнд нөхцөлд олон цэрэг эрс эх орныхоо дархан хилийг амиа үл хайхран хамгаалж байсныг мэдэрсэн юм. Байтаг Богдын тулгаралтын амьд гэрч, ахмад дайчинтай хөөрөлдсөнөө элдэв чимэггүйгээр танд хүргэе.

Сайн байна уу? Хоёулаа таныг цэргийн албанд анх хэрхэн элссэн талаар ярилцлагаа эхэлье. Наснаасаа арай эрт албанд мордсон гэж сонссон юм байна?

1947 оны зургаадугаар сард ах маань цэрэгт татагдах боллоо. Нутгийн хүмүүс цэргийн алба хаагаад ирсэн залуусыг “Тэдний хүү алба хаагаад ирсэн, бяртай чацтай мундаг эр шүү” гэж магтахыг нь сонсоод, би ч бас тэгж яриулах юмсан, эртхэн цэрэгт явж ирээд боловсрол эзэмшье хэмээн дотроо нууцхан боддог байв. Тэгээд л ахыгаа дагаад явмаар санагдсан хэрэг. Тухайн үед 20 нас хүрсэн хүнийг цэрэгт татдаг байсан. Харин би 18-тай байлаа. Цэрэгт явах тухайгаа гэрийнхэндээ хэлэхэд аав минь “Насаа хүргээд явахгүй дээ миний хүү арай балчир байна” гэхэд нь би зөрсөөр цэрэг татлагын комиссоор ороод тэнцчихсэн. Ээж маань “Хоёр хүү минь хоёулаа буу үүрээд явах гэж үү” хэмээн нулимс урсгасаар үлдсэн дээ. Би ч ахтайгаа хамтдаа байж байгаад ирнэ гэж бодсон. Гэтэл анги хуваарилахад бид өөр өөр ангид орж, ахаасаа салсан юм. Азаар бидний ангиуд ойрхон байсан болохоор ах маань сард нэг удаа намайг эргэдэг байв.

Ахтайгаа өөр ангид хуваарилагдсанаас эхлээд л цэргийн алба таны бодсоноос өөр байжээ. Тухайн үед анги застав нь байдал ямар байсан бэ?

Бид Ховд аймгийн төв дэх дөрөвдүгээр морьт хороонд очиж цэргийн карантинд орсон. Тэнд хэд хоног команд сурч, морьтой бэлтгэл сургууль хийж байтал нэг шөнө түргэн жагсаал зарласан юм. Бэлтгэл дээр хийдэг байсны дагуу морио эмээллэж, зэвсэг хэрэглэлээ авав. Гэхдээ энэ удаад зүгээр бэлтгэл байсангүй. Бид замд гарлаа. Явсаар Ховд аймгийн Булган сумын Булган голын хөвөөнд тангараг өргүүлээд тэр өдөртөө шууд хил рүү татсан. Хил дээр очиход байрлах байр байсангүй. Цэргүүд газар ухаж, бургас мод зулан дээвэр хийж орогнолоо. Нүхэн байр маань хаалга шиг юмтай. Хаалгыг нээх, хаах тоолонд толгой дээрээс шороо бургин орж ирнэ. Хүн бүр хоёр хоёр гранаттай. Унтахдаа гранатаа хүзүүндээ зүүгээд, малгайгаа тайлж дэрлэсэн болоод хувцастайгаа бүхлээрээ амарна. Өдөрт нэг удаа хивэгтэй хар хөх усан шөлний нормтой. Өдөржин нүх ухаад, шөнөд нь манаанд гараад хоол унд муутай байхаар туйлдаж, өлсөнө. Өлсгөлөнд олон сар байхаар тураалд орж “сул биетэн” гэгч олон болж байв. Хилийн ойролцоо буун дуу гаргаж болохгүй. Тиймээс нутгийн гүн рүү явж гөрөөс агнаж сульдсан цэргүүдээ жаахан тэнхрүүлдэг байсан. Улс төрийн өлсгөлөн зарлахад 72 цагийн дотор албадан эмчилгээнд оруулдаг шүү дээ. Гэтэл 300 хоног өлсгөлөнд байна гэдэг ямар хэцүүг эргээд төсөөлөхөд ч бэрх. Хувцасаа тайлахгүй удахаар хачиг бөөсөнд баригдаж, бөөсний хижиг өвчин гарч мөн ч олон цэрэг өвчнөө даалгүй нас барсан даа. 1947 оны намраас 1948 оны хавар хүртэл 10 сарын турш ээлж амралтгүй, өдөр шөнийн алинд ч зэвсэгтэйгээ, шороон хуймаг шиг бөөс, хуурсанд баригдаж, өлөн зэлмэн ийм л байдалтай байсан.

Зөвхөн хил зөрчигч дайснуудаас гадна халдварт өвчин, өлсгөлөнтэй тэмцэж байжээ?

Тийм. 1948 оны зургадугаар сараас байдал арай дээрдэж манаа ээлжтэй болж, ангийн зохион байгуулалт ч өөрчлөгдсөн. Тэр үед хэд хоног халуурч байгаад ухаан алдаж нас бардаг айхтар өвчин гарсан юм. Ах маань өвдөж тусгаарлагдлаа. Карантин тогтоосон тул тэр хэсэг рүү хүн явуулахгүй. Харин би ахдаа тун их санаа зовж харанхуй болохоор нууцаар очиж уулздаг байсан. Өвчтөнөөс тусгаарлах журмыг зөрчиж тийш очсон би өвдсөнгүй, ах маань ч азаар эдгэсэн дээ. Бид тангараг өргөхдөө “Амь насаа хайрлахгүй” гэж амласан. Тиймээс ч өлсөх, өвдөх, ядрахыг үл тоож, өргөсөн тангарагтаа үнэнч байсан. Хэрвээ өргөсөн тангарагаа биелүүлэхгүй бол “Эх орны өмнө хуулийн цээрлэл хүлээнэ” гэсэн ёс суртахуун бидний цээжинд, тархинд бичээстэй байлаа. Цэргийн хээрийн шүүхээр хуулийн дээд хэмжээ авч, жагсаалын өмнө буудуулсан тохиолдол ч бий.

Цэргүүдийн нүдэн дээр тушаал уншаад л буудчихдаг хэрэг үү?

Ямар ч өчиггүй буудна. Дорж гэдэг салаан дарга харуулд гарч байгаад 200 гаруй цэрэгтэй Хятадын Гоминданы цувааг хараад цэргээ аваад ухарсан юм билээ. Гэтэл түүнийг дайснаас ухарч, зугатсан хэргээр Цэргийн хээрийн шүүхээр шүүж, жагсаалын өмнө шууд буудсан. Оспанын дээрэмчид байн байн орж ирж нутгийн малчдын мал хөрөнгийг дээрэмдэхийг оролдоно. Тэднээс иргэдээ хамгаалж, эд хөрөнгийг нь бүрэн авч үлдэхийн төлөө бид бүх чадлаараа хичээж, хүч тэнцвэргүйгээ мэдээд ухарсны төлөө амиараа цээрлүүлж байхад Батлан хамгаалах яам хасагуудад зэвсгээр туслаж байсан юм билээ. Тэдэнд 200 винтов, 16 хөнгөн пульемёт өгсөн байдаг. Оросд зэвсгийн сургууль төгсөж ирсэн Зундуй гэдэг хүнээр тэд нарт буу, зэвсэг хэрэглэхийг заасан. Монгол хүнээр заалгасан зэвсгээрээ бидэн рүү эргэж дайран нутгийн иргэдийг тонож дээрэмдэнэ. Үүнийг би өнөөг хүртэл гайхсаар байна.

 Та манаанд гарч байхдаа дайсантай нүүр тулан таарч байв уу?

Дайсан орж ирэх мэдээлэлтэй хэсэг рүү бид томилогдон манаанд явдаг байв. Нэг удаа үүрэг гүйцэтгэж шөнөжин яваад үүрээр ирээд дөнгөж амрах гэж байтал “Цагийн байдал хүндэрлээ” гээд тал тал руу хүч хуваарилах тушаал өглөө. Байтаг Богдын зүүн үзүүрт Сэнж хад гэдэг нэртэй газар байдаг. Тэнд гурван байлдагчтай цуг нууцаар байрлан үүрэг гүйцэтгэх болов. Биднийг ажиглалт хийж байтал алсаас тоос манарч, олон морьтой хүн ирж байгаа нь харагдлаа. Би нэг цэрэгтээ “Ангитай түргэн холбоо бариад ир” гэсэн тушаал өгч явуулав. Ангиас 2 цаг тутам мэдээгээ өгөөд байгаарай гэсэн чиглэл ирсэн. Бид мэдээгээ өгсөөр байлаа. Харуй бүрий болохын алдад өнөөх цуваа бидний яг хажуугаар ердөө 300 метрийн зайтай л өнгөрсөн. Ангиас “Буудаж болохгүй!” гэсэн тушаал ирсэн учраас байрандаа ажиглаж, тал бүрээ анхааран дурандсаар байв. Гэтэл гэнэт хүний хөлийн чимээ гарч бидний байгаа зүг рүү мацаж буй нь тодорхой болов. Би нөгөө хоёртоо “Амьд баригдвал тамлуулж, дайсанд хэл болно. Тиймээс байгаа бүх зэвсгээрээ тулалдаад, нэг гранатаа үлдээгээд Тэгшээ, Гиваан баатар шиг өөрсдийгөө тэслэе” гэж хэлсэнээ санаж байна. Чимээ улам ойртохын хэрд “Зогс” гэсэн дохио өгтөл ашгүй бидний нууц үгийг хэлж, манай талынхан ирсэн нь тодорхой болсон.

Өөрийн талын хүн байхаар магнайгаа хагартал баярласан уу?

Тийм тохиолдолд баярлана гэх үү, балмагдана гэх үү толгойн үс хуураад уначих шиг болсон доо. Мадриг дарга бид гуравт хүч нэмэгдүүлж 7 хүн явуулсан байв. Тэдний нэг нь офицер байсан тул биднийг удирдах болж, би бага зэрэг тайвширлаа. Офицер бидэнд “Ногоон пуужин буудвал анги руу эргэж очих ёстой. Анги руу явахдаа чулуу нурааж чимээ гаргаж болохгүй, морио тургиулж, амгааг дугаргаж болохгүй” гэсэн тушаал өгсөн юм. Удалгүй пуужин ч буудаж бид тушаалын дагуу анги дээр очлоо. Орой нар шингэхийн алдад ангидаа очоод маргааш өглөөний 10 цаг хүртэл 18 цаг дайснуудтай буудалцсан. Эхэндээ сум шунгинаж, гал гялсхийн маналзаад, шороо бургиж нуруу хүйт даагаад эвгүй байлаа. Өөрөө дайсан руу гал нээхээр хэний буу нь мэдэхгүй нүргэлсэн чимээ тачигнаад сүүлдээ буун дуундаа дасаад, бие хүйт оргиж эвгүйцэх нь гайгүй болсон.

Тэр буудалцаанд манай тал хэр их хохирол амссан бэ? 18 цагийн турш тулалдахад сүүлдээ их цуцаж ядарсан байх даа?

 Дайсан миномётоор буудсан болов уу нэг их нүргэлсэн дуу чимээ гарч, шунгинаж ирээд тэсэрч тас хар утаа суунаглана. Тэр том сум нуувчинд маань орж ирвэл биднийг хядах байсан.  Гэвч тэд буруу онилсон уу, ар талыг нь устгах тактик хэрэглэсэн үү ямартай ч бидэнд ноцтой хохирол үзүүлж чадаагүй. Харин агуулахын нэг булан, гал тогооны үүд нурж, нэлээн хэдэн цэрэг хүнд, хөнгөн шархадсан. Буудалцаанаас өмнө манаанд гараад хоёр өдөр, хоёр шөнө нойр, хоолгүй явсан болохоор маш их ядарч, чимээ түр намжихаар бууныхаа замгийг мөргөөд үүрэглээд байв. Аньсагаа шүлсээрээ норговол нойр сэргэдэг гэсэн яриа санаанд орж шүлсээ нүдэндээ түрхлээ. Хоол ундгүй удаан явахаар шүлс өтгөрөөд юун нойр сэргээх, нүдийг улам наалдуулж завааруулаад нэмэр болсонгүй. Хүн хоол ундгүй хэд хоног явж чадах ч нойргүй удаан явж чадахгүй юм билээ. Буудалцаан дуусахад бид хэвтмэгцээ л нам унтчихсан.

Харин нөгөө тал хэр их хохирол амссан бол?

Бидэн рүү халдан довтолсон дайсан нь Хятадын Гоминданы 600 гаруй хүнтэй дивиз байсан гэдэг. Тэд толгойдоо буудуулж нүүр ам нь мэдэгдэхгүй шахам болсон нэг хятад, хүзүүгээ нэвт буудуулсан хээр морь үлдээгээд явсан. Дайсныхан явсан хойно Мадриг дарга офицер, бага дарга нараа дагуулж байлдаан болсон газрыг тандахаар очсон юм. Тэнд цус тогтоогүй газар бараг алга. Мадриг дарга учрыг тайлбарлахдаа  “Тэд нар газар ухаж байрлалгүй, урдаа жаахан шороо, чулуу овоолчихсон. Чулуу нь бууны суманд хагарч нэг биш, нэжгээд сум болон тэсэрнэ. Энэ байдлаас харахад хятадууд их хохирол үзжээ” хэмээн хэлсэн нь санаанд тод үлджээ.

Цэргийн алба хаахад тохиолдсон хамгийн мартагдашгүй үйл явдлаасаа дурдаач?

Манай анги дээр Ваанчиг гэж эмч байсан. Бэртсэн цэргүүдийн шархыг цэвэрлэж, өвчнийг намдааж их тус хүргэж байлаа. Сая ярьсан буудалцаанаас хоёр хоногийн дараа Ваанчиг эмчийн охины бие өвдөж, хүндрэх шинжтэй болсон. Түүнийг охиноо отрьядын эмнэлэгт үзүүлэхээр явахад нь би ханиндаа явсан юм. Хээр замд явж байтал хөөрхий охин өвчнөө даалгүй өөд болчихсон. Эцэг эх нь хүүхдээ цагаан даавуунд ороогоод хадны ёроолд толгойг нь түшүүлж орхиод явсан. Ээж нь охиныхоо цогцост хоргодоод явмааргүй шинжтэй байгаад байсан. Тэгэхэд Ваанчиг эмч “Одоо хоёулаа яая гэхэв дээ, ард биднийг олон хүн хүлээж байгаа” гээд дагуулаад явахад нь дотор өмөрч байлаа. Эх орныхоо төлөө тэмцэж буй эр цэргүүдээ эмчлэхийн төлөө өвчтэй үрээ эмнэлэгт хүргэж чадалгүй алдсан даа хөөрхий..\хоолой нь зангирав\ Би дайны гашуун өдрүүдийн тухай төдийлөн боддоггүй ч тэр нас барсан хүүхдийн тухай ерөөсөө мартдаггүй.

Та цэргээс халагдаад хаана ажиллаж, амьдарсан бэ?

Халагдаж ирээд Ховд аймгийн захиргаандаа Эвлэлийн хороонд ажилд орлоо. Тэндээ ажиллаад сар гаруй хугацаа өнгөртөл өөр ажилд дуудсан. Ингээд аймгийн захиргааны даргын үүдэнд сууж, хүмүүсийг оруулж гаргадаг нарийн бичгийн дарга маягийн ажлыг 3 жил хийв. Тухайн ажлаа хийж байхдаа оройн сургуульд сурч 7 дугаар ангийн гэрчилгээтэй боллоо. Би чинь үсэг номыг бие даан сурсан хүн. Харин Их сургуульд сурахад гэрчилгээ шаардлагатай болсон тул эчнээ маягаар сурсан хэрэг. Гэрчилгээтэй болоод хүн эмнэлгийн техникумд шалгалт өгч тэнцээд Улаанбаатарт ирж анх удаа сурагчийн ширээнд жинхнээсээ сууж үзсэн юм. Техникумаа төгсөөд Төв аймгийн Баян суманд ажилласан.  Тэндээсээ эргэж хотдоо ирж Анагаахын Их сургуулийг дүүргэж, 38 настайдаа их эмч болсон түүхтэй.

Та тэтгэвэрт гартлаа ямар ямар байгууллагад ажиллаж байв?

Их эмч болчихоод хотын эрүүл мэндийн газарт нэг жил ажилласан. Дараа нь одоогийн Хан-Уул дүүргийн, тухайн үедээ бол Ажилчны район гэж нэрлэж байсан эмнэлэгт саналаараа очсон. “Эмч болох гэж төгсчихөөд конторт суугаад баймааргүй, өвчтөн эмчилмээр байна” гэж удирдлагадаа хэлээд тийшээ явсан. Тэндээ ажилласаар тэтгэвэртээ гарсан юм. Тэтгэвэрт гарсан хойно Спорт хороонд тамирчны эмчээр 5 жил, дараа нь цэцэрлэгт бага насны хүүхэд чийрэгжүүлэх эмчээр 73 нас хүртлээ ажилласан даа.

Амьдралын хамгийн сайхан зүйл нь таны бодлоор юу вэ?

Тайван сайхан ажил төрлөө хийгээд, үр хүүхэдтэйгээ эрх чөлөөтэй амьдрах л хамгийн чухал, хамгийн сайхан гэж боддог.

Ямар ч бичиг үсэг мэдэхгүй, бүтэн гутал ч өмсөж үзээгүй хөдөөний бор хүү цэрэгт явж, хилийн тулгаралтын хүнд байдлыг даваад эсэн мэнд ирж, их эмч болтлоо суралцан олон хүнийг эмчилж эдгээж байсан нь сайхан санагддаг.

Чин сэтгэлээсээ ярилцсан танд баярлалаа. Эрүүл энхийг хүсье.