Мэргэжилтэн зөвлөж байна: Төмснөөс биш гурилнаас татгалз

Ярилцлага / Time Admin
11 өдрийн өмнө

 “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал” судалгааны дүнгээс:

Илүүдэл жин ба таргалалт нийгмийн эрүүл мэндэд ноцтой сөрөг үр дагавар учруулах түвшинд хүрсэн. Тодруулбал,

5 хүртэлх насны хүүхдийн 11.7% нь илүүдэл жинтэй

6-11 насны хүүхдийн 22.2% нь илүүдэл жинтэй, 6.4% нь таргалалттай.

15-49 насны эхчүүдийн 46.2% нь илүүдэл жин ба таргалалттай, 16.5% нь тарган 

15-49 насны эрэгтэйчүүдийн 48.8% нь илүүдэл жин ба таргалалттай, 14.6% нь тарган

Илүүдэл жин болон таргалалт нь гоо сайхан, эрүүл мэндэд олон сөрөг нөлөөтэй. Түүнчлэн уур уцаартай, залхуу, нийгмээс тусгаарлагдах хандлагыг урт хугацаанд бий болгодог байна. Таргалттай тэмцэхэд дасгал хөдөлгөөн, хоол хүнсний зөв хэрэглээ зэрэг олон аргыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Тэгвэл хүнсний хэрэглээ, тэр дундаа өдөр тутамдаа хүнсний ногоог хэрхэн хэрэглэх талаар НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны Эрдэм шинжилгээний ажилтан Б.Түвшинбаяраас тодруулан, зөвлөгөө бэлдсэнээ хүргэж байна.

Дийлэнх айл өрхийн хүнсний ногооны хэрэглээнд жин дарах нь төмс байдаг. Харин сүүлийн үед эрүүл, зохистой хооллолтын талаар нэлээд ярих болж, “төмс нь цардуул ихтэй, таргалуулдаг” гэх болсон. Тэр хэрээр төмсний хэрэглээг багасгах, огт хэрэглэхгүй байх хандлага ч бий болж байна. Тэгвэл төмс яг ямар ногоо вэ. Ашигтай болон ашиггүй ямар агууламжтай вэ?

Ямар ч хүнсний бүтээгдэхүүн найрлага бүтэцтэй, калоритой.  Төмсний хувьд бусад хүнсний ногоотой харьцуулахад нүүрс ус ихтэй учир таргалуулах чанар өндөр. Гэхдээ, төмс бол үр тарианы төрлийн бүтээгдэхүүн. Үр тарианы бүлэг дотроо будаа, гурилан бүтээгдэхүүн, талх, нарийн боовтой харьцуулахад төмс калори багатай, таргалуулахгүй.

Жишээ нь, нэг зүсэм талх 80 калори, нэг ширхэг төмс 80 калори. Тэгэхээр хоолондоо нэг ширхэг төмс хийж идэх үү, төмсгүй хоолоо нэг зүсэм талхтай идэх үү гэдэг сонголт байна. Калорийн хувьд нэг ширхэг төмс, нэг зүсэм талхтай ижилхэн ч бусад эрдэс, амин дэмийн хувьд төмс талхтай харьцуулшгүй их эрдэс, амин дэмүүдтэй. Тэгэхээр таргалалтаас сэргийлж төмсийг хасах нь буруу, харин талх, нарийн боов зэрэг гурилан бүтээгдэхүүнийхээ хэрэглээг багасгах хэрэгтэй.

Гурилан бүтээгдэхүүнүүд нь цусан дахь сахарын хэмжээг огцом нэмэгдүүлдэг.  Энгийн сахар агуулсан хүнснүүд, дээд гурилаар хийсэн бүтээгдэхүүнүүд, цагаан будаа, гоймон зэрэг нь цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлдэг. Гурилан бүтээгдэхүүн сонгохдоо хоёрдугаар гурил, бүхэл үрийн гурилыг сонгох хэрэгтэй.

Төмсний дараагаар, өргөн хэрэглээний ногоонд лууван, манжин, байцай зэрэг ордог. Ер нь ямар хүнсний ногоог түлхүү хэрэглэх нь зохистой вэ. Мөн хүнсний ногоонууд хоорондоо зохицох чанар нь ямар байдаг вэ?

Хүнсний ногоог аль болох түүхийгээр нь хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр ногооноос авах амин дэм, шимт бодис нь хадгалагдан үлддэг. Өндөр градуст шарж, жигнэж, буцалгаж хэрэглэснээр ногооны эрдэст бодис үлдэх ч амин дэм, шимт бодис нь багасдаг.

Хүнсний ногоог түүхийгээр нь хэрэглэхэд тулгардаг асуудал  бол ногооны аюулгүй байдал. Ургалт, боловсролтыг түргэсгэхийн тулд химийн гаралтай бордоо хэрэглэсэн эсэх, шимэгч, ургамалын хортон шавжийг устгах бодистой эсэх гээд л. Дотоодын хүнсний ногоо энэ тал дээр ямар ч хяналт шалгалтад ордоггүй. Тариаланчаас, наймаачдын гар дамжин хяналт шалгалтгүй хэрэглэгчид ирж байна. Гэхдээ дотоодын хүсний ногоо шимт бодис, амин дэмийн хувьд хятад ногоотой харьцуулшгүй сайн. Тиймээс хүнсний ногоог хэрэглэхийн өмнө маш сайн угааж хэвших хэрэгтэй. 20-30 минут давстай усанд байлгаж, угаахад ургамалын шимэгчдээс хамгаалж цацсан бодис устдаг.

Дотоодод ургуулсан ногоо хятадаас орж ирсэн ногооноос шимт бодисоороо илүү ч аюулгүй байдал талдаа эргэлзээтэй гэж та хэллээ. Тодруулаач.

Хятад ногооны хувьд аюулгүй байдал талаасаа хил гааль, мэргэжлийн хяналтын шалгалтад орсон байдаг тул хяналттай гэсэн үг.  Юуг нь шалгадаг вэ гэвэл, хүнд матель, хөгц мөөгөнцөрийг нь шалгадаг.

Дотоодын ногоог урт хугацаанд хүнсэндээ хэрэглэхийн тулд хадгалах шаардлагатай. Гэхдээ айл бүрт зоорь байдаггүй. Ногоог хадгалах ямар аргууд байна вэ?

Үндэс үрт ногоог хөлдөөж, хатааж хэрэглэж болдог. Ногоог хадгалах хамгийн боломжтой арга манай нөхцөлд бол салат байдлаар хадгалах. Хүнсний ногоог удаан хугацаанд хадгалахад С витамины хэмжээ нь нэмэгддэг сайн талууд ч бий. Хүнсний ногоо элбэг намар цагт өвөл, хавар хэрэглэх ногоогоо хөлдөөж, хатааж, даршилж нөөцлөх боломжтой. Салат байдлаар хадгалахдаа давсны орцыг тохируулах нь чухал.

Ногоон өнгийн хүнсний ногоо хүний биед илүү сайн гэж ярьцгаадаг.

Ногоон өнгийн ногоо төмрийн агууламж өндөр, улаан, шар зэрэг тод өнгийн ногоо А амин дэм ихтэй гээд өөр өөрийн шинж чанартай. Хүнсний ногоо тод өнгөтэй байх тусмаа эрдэс, амин дэм ихтэй байдаг. Ер нь таван өнгийн ногоог өдөр бүр хэрэглэхийг зөвлөдөг.

Хүнсний ногоог махан хоолтой хэрэглэвэл илүү тохиромжтой. Учир нь махан хоол  уургийн задрал явагдахад хорт бодис ихээр ялгаруулдаг. Бие организмыг хордууулж байгаа тэр хорыг гадагшлуулахын тулд ногоог хангалттай түвшинд хэрэглэх ёстой.

Гэхдээ ногооны зохистой хэрэглээ тийм ч их биш шүү дээ. Өдөрт жимс, хүнсний ногоо нийлээд 400 граммыг хэрэглэхийг зөвлөдөг. Гэтэл нийслэлийн иргэдийн хүнсний хэрэглээний  3/1-т нь жимс, ногоо ордог бол хөдөө орон нутгийнхан ногоог бүр бага хэмжээгээр хэрэглэж байна.