А.Амарбал: “Шимэгчдийг судла” гээд Засгийн газар төсвөө өгвөл бид судална

Эдийн засаг / Time Admin
10 өдрийн өмнө

“Улсын дундаж цалин 1025000 төгрөг байна” гэсэн судалгаа, мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос хийсэн нь олон нийтийн дунд эргэлзээ, шүүмжлэл дагуулж байна. Уг асуудлаар Үндэсний статистикийн хорооны Хүн ам, Нийгмийн статистикийн Газрын дарга А.Амарбалаас тодрууллаа.

Дундаж цалингийн судалгааны талаарх иргэдийн шүүмжлэл, эгдүүцлийг та бүхэн бас харж байгаа байх. Ер нь цаг үеийн судалгаа мэдээлэл бүрийн дараа ийм шүүмж гардаг. Судалгааг яаж хийдэг юм бэ?

Дэлхийн улс орнуудын ашигладаг статистик аргачлалын дагуу дундаж цалингийн судалгааг хийдэг. Манай улсад нийгмийн даатгал төлж байгаа 639.5 мянган хүний нэрлэсэн цалингаар дундаж цалинг гаргадаг. 2018 оны хоёрдугаар улирлын байдлаар улсын дундаж цалинг 1025000 төгрөг байна. Энэ бол нэрлэсэн цалин. Харин нэрлэсэн цалингаас нийгмийн даатгалын 11 хувийн шимтгэл, ХАОАТ-ын 10 хувийг хасаад, 833 мянган төгрөгийн цалинг гар дээрээ авч байна.

Хөрсөн дээр буугаагүй судалгааны дүн гэдэг нь тухайлбал, багш нарын  цалин 469-683 мянган төгрөг байгааг нийгэм даяараа мэдэж байна. Багш нар ч цалингаа нэмүүлэхээр ажил хаяад байна.

Боловсролын салбарт ажиллагчдын дундаж цалин 782.9 мянган төгрөг байна. Үүнээс НДШ, ХАОАТ-ыг хасаад 628.1 мянга гаруй төгрөг гар дээрээ авч байна гэсэн үг.

Хүмүүс яагаад эргэлзээд байна гэхээр, танил талаараа болон зарын дагуу “Нийгмийн даатгал, орлогын татвар төлөхгүйгээр, цалингаа бүтэн авах”-аар тохиролцон ажил хөдөлмөр эрхэлж байна. Улсад ямар ч татвар төлөхгүй хэр нь эрүүл мэнд, боловсрол гээд төрийн бүх үйлчилгээг авдаг “шимэгч” бүлэглэл байна.

Аж ахуйн нэгж эрхэлсэн бол, бусдаар хөдөлмөр эрхлүүлсэн бол нийгмийн даатгал, татвараа төлөх ёстой. Төлдөггүй тэр хэсэг бол “шимэгчид”  тухайлбал, барилгын салбарт хамгийн түгээмэл байна уу гэж ажиглагдаж байна. Ажилчид нь гэнэтийн осолд ороход төрөөс тусламж авдаг байх ёстой. Гэтэл даатгал төлж, татвар төлдөггүйгээс хохирогч хохирлоо барагдуулж чаддаггүй, тухайн компани багахан торгууль төлөөд өнгөрдөг.

Ийм “шимэгч” байгууллага, хүний тоо байна уу?

Надад шууд хэлэх тоо байхгүй ээ. Нийгмийн даатгал татвараа төлж байгаа  639.5 мянган  хүн байна. Түүн дээр тэтгэвэр авч байгаа 282 мянган хүн, сургуульд суралцаж байгаа 180 гаруй мянга, хөгжлийн бэрхшээлтэй 100 гаруй мянга хүн, нийгмийн даатгал төлдөггүй малчид гээд хасахад тодорхой орлогын эх үүсвэртэй хэр нь татвар төлдөггүй “шимэгчид” байна. Тийм хүмүүс яг тэд гэсэн нарийн тоо судалгаа одоогоор алга даа.  

Судалж илрүүлэн, татвар төлүүлэх чиг үүрэгтэй төрийн байгууллага байгаа байх. Танай байгууллага ийм судалгаа хийдэг үү?

Мэргэжлийн хяналтын газар энэ асуудлыг илрүүлэх үүрэг нь байгаа. Бид судалж болно. Засгийн газар “судла” гэж даалгаад, төсвөө гаргаад өгвөл бид судлана.

Манай улсад хамгийн өндөр болон хамгийн бага цалинтай ажилчид хэн бэ?

Хуулийн хүрээнд би албан тушаалын эсвэл хувь хүний цалинг мэдээлж болохгүй. Салбараар нь ангилбал уул уурхайн салбарын дундаж цалин 2.4 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр цалин болж байна. Харин бага цалинтай нь 240 мянган төгрөг хүртэлх цалинтай хүмүүс бас байна.