ОХУ шатахуун нийлүүлэх үнээ нэмэгдүүлнэ

Эдийн засаг / Time Admin
2018 оны 09 сарын 14

Холбоотой Зураг

ОХУ ирэх аравдугаар сараас Аи-92 шатахууны үнийг тонн тутамдаа 41 ам.доллар, дизель түлш тонн тутамдаа 91 ам.доллараар тус тус нэмнэ гэж тус улсын Сангийн яамны сайтад мэдээлжээ.

Энэ сарын байдлаар Орост Аи-92 шатахууны дээрх хилийн үнэ 1 тонн нь 721 ам.доллар, дизель түлш 1 тонн нь 673  ам.долларын үнэтэй байгаа юм. Монгол Улсын хувьд есдүгээр сард ийм үнээр тус улсаас шатахуунаа худалдан авч буй гэсэн үг.

Тэгвэл ирэх сараас Аи-92 шатахууныг 1 тонныг нь 762 ам.доллараар (1,878,330 төгрөг), дизель түлшийг 1 тонныг нь 764  ам.доллараар (1,883,260 төгрөг) худалдаж авч эхлэх нь тодорхой болов. Тиймээс Монгол Улсад шатахууны үнэ нэмэгдэх гэж ойлгож болно. Дизель түлшнээс л гэхэд манай улс тонн тутамд 280,000 төгрөгийн татвар авдаг, мөн НӨАТ-ын 10%, гаалийн 5%-ийн татвар гээд зөвхөн улсын авдаг татваруудын хэмжээг тооцож үзэхэд тонн тутмын үнэ нь 2,400,000 төгрөгөөс давчихаж байгаа юм.

Хойд хөршийн хувьд зөвхөн ирэх сард бус 11, 12 саруудад ч дээрх үнийг өсгөх хандлагатай байгаа аж.

Шинжээчдийн үзэж буйгаар ОХУ-ын Засгийн газар нефть, байгалийн хийн олборлолтын онцгой албан татварыг цаашид ч нэмэхээр төлөвлөжээ. Эндээс бүрдүүлэх татварын хувь хэмжээг нэмэгдүүлснээр Ерөнхийлөгч Владимир Путины залуу гэр бүлд зориулсан орон сууцны хөтөлбөрүүд гэх мэт нийгмийн халамжийг сайжруулахад чиглэгдэх юм.