Нийслэлийн төсвөөс УБТЗ-д 140 сая төгрөг өгчээ

Эдийн засаг / Time Admin
2018 оны 09 сарын 14

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлуудыг өнөөдрийн НИТХ-аар хэлэлцлээ. Агаарын бохирдолд тодорхой нөлөө үзүүлдэг ч  шийдвэр гаргах түвшинд яригддаггүй хотын төвөөр дайран өнгөрдөг галт воганы утааны асуудлыг төлөөлөгч Ш.Чинбат хөндсөн юм.

Тэрбээр “УБТЗ-ын вагонууд чанаргүй дизель түлш хэрэглэдэг. Мөн маргааш  нь үйлчилгээнд гарах вагоноо галлаж хонодог. Энэ байгууллага Улаанбаатарын төвд жилд 12-15 мянган тонн түүхий нүүрс оруулж ирж, шатааж байна. Эндээс ялгарах хорт утааг бууруулах талаар ямар ажил хийж байна вэ” хэмээн асуусан.

Уг асуултад Нийслэлийн Засаг дарга С.Батболд “тэр хэмжээний нүүрсийг оруулж ирж, шатаадаг нь үнэн. Хотын төвөөр дайран өнгөрдөг вагондоо утааны шүүлтүүр суурилуулах асуудлаар ярилцсан. Гэвч, суудлын вагон ашиггүй, алдагдалтай ажилладаг тул утааны шүүлтүүр суурилуулах боломжгүйгээ хэлсэн. Энэ байгууллага бүх вагондоо утааны шүүлтүүр суурилуулахад дөрвөн тэрбум төгрөг шаардагдах юм байна. Бид одоогоор нийслэлийн төсвөөс 140 сая төгрөгийг УБТЗ-д гаргаж өгөөд байна. Энэ нь 10 вагонд утааны шүүлтүүр суурилуулах мөнгө юм” гэлээ.