Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд баригдсан барилгыг албадан буулгалаа

Нийслэл / Time Admin
2018 оны 09 сарын 26

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд энэ сарын 24-ний өдөр шүүхийн шийдвэр болон НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны тогтоолыг үндэслэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Түүх, соёлын үнэт өв болсон Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд зохих зөвшөөрөлгүй барилгыг албадан буулгах захирамж гаргасан байна. Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд 3600 м2 газрыг хашаалж, 270м2 талбай бүхий 2 давхар барилга баригдсан байсныг дээрх захирамжийн хүрээнд өнөөдөр албадан буулгалаа.

Энэхүү чөлөөлсөн талбай дээр Чойжин ламын сүм музейн зүгээс тохижилтын ажил хийж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.