Сургасан 9 цармын бүргэдийг уламжлалт зан үйлийн дагуу суллан тавилаа

Орон нутаг / Time Admin
2018 оны 09 сарын 24

Image may contain: one or more people and indoor

Казак түмний түүх, соёл, уламжлалын салшгүй нэгэн хэсэг бол Цармын бүргэд билээ. Сүүлийн үед цармын бүргэдээр ан ав хийх зан үйл аялал жуулчлалын салбарын анхаарал татсан брэнд төрөл нэгэнт болжээ. Үүнтэй уялдан цармын бүргэдтэй холбоотой соёлын өв уламжлалыг хадгалан үргэлжлүүлэх, аялал жуулчлалтай зөв холбох шаардлага гарч байна. Үүний тулд цармын бүргэдийн тогтвортой менежментийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ ажлыг хийхийн тулд эхлээд бүргэдчидтэйгээ харилцан ярилцаж, тэдний үгийг сонсож, тэдний юу бодож байгааг мэдэх нь зүйтэй юм.

Саяхан Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд “Цармын бүргэдийн тогтвортой менежмент” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болов. Бага хурлыг Баян-Өлгий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Улаанхус сумын ЗДТГ, ИТХ, Монголын цармын бүргэдийн нийгэмлэг, Улаанхус сумын Алмакөк бүргэдчийн холбоо, Зэрлэг амьтан судлах хамгаалах төв хамтран зохин байгуулав.

Эрдэм шинжилгээний хуралд Монголын шувуулахуйн холбооны ерөнхийлөгч Д.Отгонсайхан, МУИС-ийн багш соёлын антропологич доктор С.Баттулга, археологич доктор У.Эрдэнэбат, ЗАСХТ-ийн шувуу судлаач доктор Н.Цэвээнмядаг, доктор Б.Нямбаяр нар оролцон сонирхолтой илтгэлүүд тавьж, бүргэдчидтэй бүтэн өдрийн турш холбогдох сэдвүүдээр халуун яриа өрнүүллээ.

Хурлын үеэр олон сайхан санаа гарч хэлэлцэгдсэний нэг нь төрөөс цармын бүргэдийн зохистой ашиглалт, бүргэдээр ан хийх өв уламжлалын асуудлаар тусгайлсан бодлого хөтөлбөр боловсруулан батлуулан ажиллах санал байв. Түүнээс гадна залуу болон шинээр бүргэд сургаж байгаа хүмүүст Казакын соёл, бүргэдээр ан хийх өв уламжлалыг хадгалж үлдээх талаар анхаарч ажиллахад дэмжлэг үзүүлэх, мөн цармын бүргэдээр ан агнах уламжлалын талаар ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгайлан оруулах зүйтэй гэсэн олон саналууд гарч байна.

Image may contain: 1 person, sky and outdoor

Арга хэмжээний үеэр олон жил тэжээсэн бүргэдийг байгальд нь буцааж тавих ёслолын арга хэмжээ болж нийт 9 цармын бүргэдийг уламжлалт зан үйлийн дагуу суллан тавив. Мөн тэдгээр тавьсан шувуудад мэнд үлдэлт, шилжилт хөдөлгөөнийг нь судлах зорилгоор GPS дохио дамжуулагч зүүлээ.

Энэхүү арга хэмжээтэй уялдуулан Улаанхус сумын Алмакөк хэмээх бэсрэгхэн толгой дээр Монголын казакуудын дундаас гарсан анхны бүргэдчин эмэгтэй болох Х.Алмагийн дурсгалд зориулан түүний төрөл төрөгсөд дурсгалын самбар босгосон байна.

Мөн энэхүү арга хэмжээний үеэр бүргэдчидийн дундах уламжлалт тэмцээн болж, ялангуяа эмэгтэй бүргэдчидийн авхаалж самбаа, ур чадварыг сорьсон уралдаан болов.