АХБ сэргээгдэх эрчим хүчний төсөлд 80 сая ам.долларын зээлийн төслийг баталлаа

Орон нутаг / Time Admin
2018 оны 09 сарын 28

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, (2018 оны 9 дүгээр сарын 21) — Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Захирлуудын зөвлөл сэргээгдэх эрчим хүчний хэд хэдэн төрлийн технологид суурилсан 41 мегаваттын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний төвлөрсөн бус хангамжийн системийг Монголд анх удаа хөгжүүлэх зорилгоор 80 сая ам.долларын зээлийн төслийг баталлаа. Энэхүү систем нь Монгол Улсын баруун бүсийн хөгжлөөр хоцронгуй, алслагдмал аймгуудад цахилгаан эрчим хүч, дулаан нийлүүлэх юм. 

Төслийг хамтран санхүүжүүлэх Уур амьсгалын стратегийн сан бага орлоготой орнуудад сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх хөтөлбөрийнхөө хүрээнд 14.6 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ. Тус сан нь эрчим хүчний хүртээмжийг сайжруулж, эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх зорилгоор томоохон хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний шийдлүүдийг дэмждэг уур амьсгалын хөрөнгө оруулалтын сангуудын нэг юм. Мөн АХБ-ны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төслүүдийн хүрээнд хүлэмжийн хийн ялгаруулалт багатай дэвшилтэт технологийн хэрэглээг дэмжих зорилго бүхий Хамтарсан кредитын механизмын Японы сан 6 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ.  

“Монгол Улсын баруун бүсийн эдийн засгийн хөгжилд түлхэц болохын зэрэгцээ нүүрсхүчил болон бусад агаарыг бохирдуулагч бодисуудын ялгаруулалтыг багасгахад нэмэр болох цэвэр, найдвартай, тогтвортой эрчим хүчний сүлжээ шаардлагатай байгаа” гэж АХБ-ны Зүүн Азийн бүс нутгийг хариуцсан эрчим хүчний мэргэжилтэн Шигеру Ямамура хэлээд “Төслөөс санхүүжүүлэх 41 мегаваттын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний энэхүү систем нь эрчим хүчний систем дэх нүүрсхүчлийн ялгарлыг бууруулаад зогсохгүй Монгол Улс Парисын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2030 он гэхэд нүүрсхүчлийн ялгаруулалтыг 14 хувиар бууруулахад бодитой хувь нэмрийг оруулна” хэмээн тэмдэглэв.

Сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх төслөөс нарны болон салхины эрчим хүчийг ашиглах, цэнэгт хураагуурын дэвшилтэт технологи, эрчим хүчний удирдлагын систем бүхий 40.5 мегаваттын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний төвлөрсөн бус хангамжийн системийг хөгжүүлнэ. Ингэснээр хөрш орнуудаас өндөр үнэтэй, нүүрсхүчлийн хийн өндөр ялгаруулалт бүхий цахилгаан импортолдог, газар зүйн хувьд тархай байрших баруун бүсийн төв суурин газруудыг цэвэр бөгөөд найдвартай эрчим хүчээр хангах болно. Үүний зэрэгцээ, нийтийн барилга байгууламжуудын дулааны бохирдолгүй эх үүсвэр болох 500 киловатт хүчин чадалтай газрын гүний дулааны насосыг төслийн хүрээнд суурилуулна. Уг системийг ирээдүйд өргөнөөр нэвтрүүлэх боломжтой бөгөөд энэ нь өвлийн улирлын агаарын бохирдлыг бууруулах нэгэн арга шийдэл ч болж болох юм.

Төслийн зүгээс санхүүжүүлэх сэргээгдэх эрчим хүчний төвлөрсөн бус хангамжийн энэхүү систем нь нийт 258,313 иргэнийг цэвэр бөгөөд найдвартай цахилгаан эрчим хүч, дулаанаар хангаж, 2023 он хүртэл нийт 87,968 тонн нүүрсхүчлийн давхар ислийн ялгаруулалтыг хэмнэх юм. 

Орон нутгийн цахилгаан эрчим хүчний компаниуд болон холбогдох бусад байгууллагуудын тогтвортой эрчим хүчний хангамжийг удирдан зохицуулах чадавхийг бэхжүүлэх тал дээр төслийн зүгээс мөн анхаарах болно. Мөн түүнчлэн, сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын урт хугацааны төлөвлөгөөг боловсруулахад төслийн зүгээс дэмжлэг үзүүлснээр Монголын баруун бүсэд ирээдүйд хийгдэх сэргээгдэх эрчим хүчний хувийн хөрөнгө оруулалтын үндэс суурийг тавих юм.

Энэхүү төсөл нь нийт 66.22 сая ам.долларын өртөгтэйгээр 2023 он хүртэл хэрэгжих бөгөөд Монгол Улсын Засгийн газрын зүгээс хариуцах санхүүжилт нь 5.62 сая ам.доллар байна.

Монгол Улсын Засгийн газар 2000 оноос хойш сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх тодорхой алхмуудыг хэрэгжүүлсээр ирсэн. Гэсэн ч сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээ төдийлөн өндөр биш буюу 12 хувьтай байна. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр төрөөс эрчим хүчний салбарт 2015–2030 онд баримтлах бодлогод тусгагдсан сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг 2023 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүргэх зорилтуудын биелэлтэд дэмжлэг болох юм.

АХБ нь нэн ядуурлыг үгүй болгох хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 67 гишүүн орны 48 нь тухайн бүс нутагт оршдог. 2017 оны байдлаар АХБ-наас хөгжиж буй гишүүн орнууддаа нийт 32.2 тэрбум ам.долларын туслалцаа үзүүлснээс 11.9 тэрбумыг хамтарсан санхүүжилтээр олгожээ.

Эх сурвалж: АХБ