МҮЭХ: Нефть импортлогчдод Монголбанкнаас дэмжлэг үзүүлэх, эрсдэлийн сан байгуулах хэрэгтэй байна

Эдийн засаг / Time Admin
12 өдрийн өмнө

МҮЭХ-ны Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат шатахууны үнийн асуудлаар өнөөдөр /10.10/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр “Шатахууны үнэ он гарсаар гурван удаа өслөө. Оны эхэн үетэй харьцуулахад 300 орчим төгрөгөөр нэмэгдсэн байна. Хамгийн өргөн хэрэглэдэг АИ 92 бензин 1885-1920 төгрөгийн хооронд харилцан адилгүй үнэтэй байна. Энэ хэвээр үргэлжилбэл илүү их хэмжээний хохирлоор эргэж төлөх нөхцөл байдал үүснэ. Тээврээр дамждаг бараа бүтээгдэхүүн, талх, гурил, цахилгаан дулаан бүгд нэмэгдэнэ гэсэн үг.
Гэтэл Үнийн зөвлөл нь үнэ тарифыг тогтвортой барих үүрэгтэй байдаг. Хамгийн сүүлийн хуралдаанаар бензин шатахууны үнийг тодорхой төвшинд барих зорилгоор гаалийн албан татвар хөнгөлөхөөс эхлээд тодорхой татваруудыг шинэчлэн тогтоох, Онцгой албан татварын хэмжээг шинэчлэх, эрсдлийн сан байгуулах саналыг МҮЭ-ийн холбооноос тавьсан. Мөн Монголбанк, Уул уурхайн яам, Сангийн яам хамтарч үнийн тогтвортой байдлыг хангах санхүүгийн дериватив арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагыг тавьсан. Энэ нь үнэ хямд байхад бараа бүтээгдэхүүний үнийг урьдчилан тогтоож худалдаж авах, дэлхийн зах зээлд үнэ өсөх эрсдлээс хамгаалах арга юм. Эдгээрийг хэрэгжүүлээгүй учраас бензины үнэ өссөн гэж үзэж байгаа.

Мөн бензиний чанарын асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байна. Үнийн зөвлөлийн сүүлчийн хурал дээр 100 гаруй мянган тонн хуурамч бензин орж ирсэн тухай мэдээлж байсан. Уг бензин хэрхэн татваргүй орж ирдэг, ямар арга замаар борлуулсныг тогтоох шаардлагыг МҮЭ-ийн холбооноос тавьсан гэлээ.

Мөн өнгөрсөн нэгдүгээр сард бензины хомсдол үүссэн. Үүнтэй холбоотойгоор МҮЭ-ийн холбооноос шалгалт хийхэд шатахуун импортлогч компаниуд 7000-8000 тн бензиний нөөцтэй байсан атлаа бензин дууссан гэх шалтгаар зохиомол хомсдол үүсгэсэн. Энэ асуудалд хариуцлага тооцох шаардлага хүргүүлсэн гэдгээ энэ үеэр дуулгасан юм.
Бензин шатахуунд татварын хөнгөлөлт үзүүлэх, нефть импортлогчид худалдан авалт хийхэд нь Монголбанкнаас дэмжлэг үзүүлэх, эрсдлийн санг байгуулах хэрэгтэй байна гэв.