“Магнай трейд”-ийн Р.Ганзоригийг суллаж, гадуур байцаахаар болов

Нийгэм / Time Admin
2018 оны 10 сарын 10

-    Р.Ганзориг, Г.Дашням нарыг “Жаст ойл” ХХК-г худалдаж авсантай холбон шалгаж байх магадлалтай-

“Магнай Трейд" компанийн захирал Р.Ганзориг болон түүний хүү Дашням нарыг аравдугаар сарын 8-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс саатуулсан. Шүүхийн шийдвэргүйгээр албадан саатуулах хугацаа 48 цаг байдаг.  Өчигдөр орой 48 цагийн хугацаа дууссан учир ажлын цаг тарахаас өмнө Р.Ганзориг болон түүний хүүг суллажээ.

Уг нь суллагдахаас нь өмнө Нийслэлийн прокурорын газраас үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлэх ёстой. Гэвч өчигдөр ажлын цаг дууссаны дараа хорих саналыг шүүхэд иржээ. Гэхдээ зөвхөн Р.Ганзоригийг хорих санал ирсэн байна. Тиймээс өнөөдөр Р.Ганзоригыг хорих эсэхийг шүүх хэлэлцлээ. 

Нийслэлийн прокурорын газраас 30 хоногийн хугацаанд хорих санал ирүүлсэн ч Сүхбаатар дүүргийн шүүхээс прокурорын саналыг хүлээж авсангүй. Өөрөөр хэлбэл Р.Ганзориг нар гадуур байцаагдана гэсэн үг. 
Албаны эх сурвалжын мэдээллээр Р.Ганзориг нарыг мөнгө угаах, залилангийн гэмт хэрэгт буруутган шалгаж байгаа. Тэрээр Жаст группын Жаст ойл компанийг 40 тэрбум гаруй төгрөгөөр худалдаж авсан байдаг. Ингэхдээ хууль бус үйлдэл гаргасан байж болзошгүй байна. 

Жаст группын үүсгэн байгуулагч Ш.Батхүүг Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаалсан хэрэгт шалгаж байгаа. Түүнийг хоригдох үед Ш.Батхүүгийн эд хөрөнгө эзэнгүй алга болсон байдаг.  Энэ асуудлыг шалгаж тогтоох шаардлагатай талаар хууль зүй дотоод хэргийн сайд хэлж байсан удаатай.