Үдийн цай хөтөлбөрөөр нэг хүүхэд 200-300 төгрөгийн өртөгт таарсан шим тэжээлгүй хүнс хэрэглэж байна

Нийгэм / Time Admin
2018 оны 10 сарын 11

Холбоотой Зураг

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Ундармаа нарын найман гишүүнээс өргөн мэдүүлсэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Тус тогтоолын төсөл нь нэг хүүхдэд зарцуулах үдийн цай хөтөлбөрийн төсвийг 600 төгрөгөөс 1200 төгрөг болгон нэмэгдүүлэхээр заасан бөгөөд Үдийн цай хөтөлбөрийг Үдийн хоол болгон өргөтгөх шаардлагатай хэмээн үзжээ.


ҮДИЙН ЦАЙ хөтөлбөрийн тухай

Одоогийн нөхцөл байдал нь ерөнхий боловсролын сургуульд үдийн цай хөтөлбөрийг дараахь байдлаар хэрэгжүүлж ирсэн.

  • 2006 оны 09 дүгээр сараас 1-2 дугаар ангид;
  • 2007 оны 04 дүгээр сараас эхлэн 1-4 дүгээр ангид
  • 2008 оноос 1-5 дугаар ангийн сурагчдыг хамруулан хэрэгжүүлж байна.

Өнөөдрийн байдлаар үдийн цай хөтөлбөрт хот хөдөөгийн нийт 778 сургуулийн 288177 сурагчид хамрагдаж байна.

Засгийн газраас нэг сурагчид ноогдох зардлыг 300 төг байхаар анх тогтоосон. Засгийн газрын 2008 оны 45 дугаар тогтоолоор 400 төгрөг, Засгийн газрын 2012 оны 106 дугаар тогтоолоор 600 төгрөг болгон тус тус өөрчилсөн.

Эрүүл мэндийн сайдын “Монгол хүүхдийн хоол тэжээлийн бодисуудын зөвлөмж хэмжээг батлах тухай” тушаалаар үдийн цай хөтөлбөрөөр авах хэрэгцээт илчлэг 10-15% (226-340 ккал) гэж тогтоосон байдаг.

Үдийн цай хөтөлбөр шим тэжээлийн хяналтыг орхигдуулсан бөгөөд улсын хэмжээнд нийт сургуулийн 52.4% нь шим тэжээлийг тооцоолдоггүй болон буруу тооцоолсон. Мөн мэргэжлийн боловсон хүчнээр дутагдаж байна.

Үдийн цай хөтөлбөрийг Үдийн хоол болгон өөрчлөх шаардлагатай бөгөөд энэ тохиолдолд хүүхдийн хоногийн хоолоор авах илчлэгийн хэмжээ 30-35% буюу 680-793 ккал авах боломжтой болно.


Эрүүл мэндийн яамнаас 2015 онд зохион явуулсан "Ерөнхий боловсролын сургууль, түүний орчинд худалдаалж буй хоол, хүнсний чанар, аюулгүй байдал" судалгаагаар нийт сурагчдын 98.4 хувь нь сургууль болон сургуулийн ойр орчмоос хоол, хүнсний бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэдэг ажээ. Сурагчдын түгээмэл хэрэглэдэг хоол, хүнсний бүтээгдэхүүнүүд нь хүүхдийн бие махбодод ашигтай шимт бодисоор туйлын хомс, илчлэг өндөртэй бүтээгдэхүүнүүд байна. Эдгээрийн 92.5 хувь нь давс ихтэй бүтээгдэхүүн байсан бөгөөд давс багатай бүтээгдэхүүн байгаагүй байжээ. “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах арга хэмжээг шим тэжээлийн мэдлэг олгох, зөв зохистой хооллох дадал төлөвшүүлэх сургалт, мэдээлэлтэй нягт уялдуулан хэрэгжүүлэх нь чухал гэж төсөл санаачлагчид үзжээ.

Иймд дээрх арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд мэргэжлийн хүний нөөц, төсөв санхүү, оновчтой зохион байгуулалт зайлшгүй шаардлагатай бөгөөд уг асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна.

Энэ талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг танилцуулав. Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, М.Билэгт, М.Оюунчимэг, Д.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Гишүүдийн олонх хуулийн төсөл болон “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ сурагчдад өгч байгаа үдийн цайны төсвийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Засгийн газарт анхааруулж байлаа. Түүнчлэн “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд  шаардагдах хөрөнгө санхүүжилтийн хэмжээ, төсөвт хэр ачаалал үүсэх,  хүнсний аюулгүй байдалд хяналт тавих нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх илүүтэй талаар тодрууллаа. Мөн  сурагчдыг тусгай танхимд хооллох нөхцөл боломж, хууль хэрэгжих хугацааны талаар лавлаж байсан.

Төсөл санаачлагч гишүүн Б.Ундармаа, 2018-2019 оны хичээлийн жилд “Үдийн цай” хөтөлбөрт 34,2 тэрбум төгрөг тусгасан байна.  Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас “Үдийн цай” хөтөлбөрт тусгасан нэг хүүхдэд ногдох зардал болох 600 төгрөгийг 1200 төгрөг болгон нэмэгдүүлэхээр төсөвт оруулсан ч хасагдсан байна.  Хууль батлагдаж, “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжсэнээр сургууль бүрт  мэргэжлийн хоол зүйч, тогооч ажиллуулж, тусгай гал тогооны тоног төхөөрөмжөөр хангагдсанаар төсөвт тусгагдсан  600 төгрөгтөө багтсан шим тэжээлтэй хоол хүнсээр хүүхдээ хангах боломж бүрдэх юм. Хууль батлагдвал “Үдийн хоол” хөтөлбөр 2019 оны 09 дүгээр сарын 01-ээс эхлэн хэрэгжинэ гэж хариулав.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, “Нэг хүүхдийн үдийн цайны өдрийн норматив 600 төгрөгөөр тогтоосон ч гал тогооны түрээс, бусад урсгал зардлын улмаас  нэг хүүхэд 200-300 төгрөгийн өртөгт таарсан шим тэжээлгүй хүнс хэрэглэж байна” гэж нэмж тайлбарлав. Мөн тэрбээр, “Үдийн хоол” хөтөлбөр батлагдан 2019 оноос хэрэгжвэл ерөнхий боловсролын сургуулиудыг гал тогооны тоног төхөөрөмжөөр хангах, мэргэжлийн хоол зүйч, тогоочийн цалин зэрэг зардалд 300 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо бий. Гэхдээ хүүхдүүдээ эрүүл чанартай, шим тэжээлтэй хоолоор хангах нь нийгмийн хамгааллын асуудал төдийгүй төрийн бодлогын салшгүй хэсэг агуулагдаж байгааг ойлгох хэрэгтэй гэж байлаа.

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэн тул хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ