Нийт жолоочийн 45 хувь нь 5 км-ээс бага зайнд зорчдог

Нийслэл / Time Admin
2018 оны 10 сарын 08

"Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд" зөвлөгөөн болж байна. 

Зөвлөгөөнийг нээж нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы зөвлөх С.Энхтөр Улаанбаатар хотын авто замд хөдөлгөөнд орж буй автомашины тоо, тэднийг хэрхэн зохион байгуулж байгаа талаар илтгэл тавилаа. Тэрбээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, авто замын зөв зохион байгуулалт хийх шаардлагатайг онцлов. Түүнчлэн, өнөөдөр Улаанбаатарын 8 км урт авто замд 536 171 автомашин зорчиж байгаагаас нийт жолоочийн 9.7 хувь нь нэг, 45 хувь нь тав, 22 хувь нь зургаа буюу түүнээс км дотор зорчдог гэдгийг танилцууллаа.

Зөвлөгөөний үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан "Улаанбаатар хотод 536 171 автомашин бүртгэлтэй. Улсын дугаарын хязгаарлалт, бусад шалтгаанаар үүдэн ойролцоогоор 350 000 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд өдөр тутам оролцдог гэсэн судалгаа бий. 


Дундаж буюу 1600сс моторын багтаамжтай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд нэг цаг сул зогсоход 0.8 литр шатахуун зарцуулдаг. Тэгвэл дээрх 350 000 автомашин ганцхан цагт 512.4 сая төгрөгийг шатааж байна. Хөдөлгөөний ачаалал багатай долоо болон наймдугаар сарыг тооцолгүй үлдсэн арван сард үржүүлбэл 110.4 тэрбум төгрөгийн шатахуун үргүй зарцуулж байна" хэмээн хэлэв.