Д.Эрдэнэбат: Үнэ цаашид өссөөр байвал Засгийн газрыг огцруулах асуудлыг дахин тавина

Улс төр / Time Admin
2018 оны 10 сарын 08

УИХ дахь Ардчилсан намын бүлэг бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Хуралдаанаар Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийг хэлэлцжээ. Тус хуулийн төслөөр АН-ын бүлэг ажлын 5 хоногийн завсарлага аваад байгаа юм.

Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: 

Өнөөдрийн хуралдаанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Сангийн яамны холбогдох мэргэжилтнүүд оролцож мэдээлэл сонслоо. 2020 оны сонгуульд зориулсан хөөсрүүлсэн төсвийг оруулж ирсэн. 11 их наядын зардал нь улс орны өнөөгийн нөхцөл байдлыг улам хүндрүүлэх байдалтай байна.

2019 оны төсвийн төсөлд хуулийн зөрчил гарсан. Төсвийн тухай хуулийн 22 дугаар заалтыг зөрчсөн. Тухайлбал гадаадын зээл тусламжийн хөтөлбөр, төслүүд төсвийн ерөнхийлөн захирагчаар дамжин хэрэгжих ёстой байтал ганц сайдад төвлөрүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл юм.

Өрийн тухай асуудал, үнийн нэмэгдлийн талаар Сангийн яамнаас тодруулахад Монгол банкнаас асуу гэсэн хариултыг өглөө. Засгийн газар, Монгол банк хоорондоо уялдаагүй ажилласнаас болж эдийн засагт ойлгомжгүй байдал бий боллоо. Ганцхан сарын дотор ам.долларын ханш 22 төгрөгөөр, дизель түлшний үнэ нэг сарын өмнө 2125-аас 2245 болж 120 төгрөгөөр, АИ-92  бензиний үнэ нэг сарын өмнө 1820 байсан бол 1885 болж 65 төгрөгөөр, АИ-95 бензины үнэ 2160 байсан бол 2215 болж тус тус нэмэгдсэн байна. Энэ мэт үнийн огцом хөөрөгдөл ард түмний нуруунд ачаа болж байна гэв.

Түүнчлэн, Шатахууны үнийн асуудлаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг өгөхгүй, үнэ цаашид өссөөр байвал Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөнө гэдгийг онцоллоо.