“Хуурамч" шатахууны эздийг хэзээ зарлах вэ?

Эдийн засаг / Time Admin
2018 оны 10 сарын 29

шатахуун зурган илэрцүүд

Шатахууны онцгой татвараас зайлсхийн шатахуун бус харин түүхий эдийг татваргүйгээр оруулж ирэн Монголдоо хольж, чанар муутай “хуурамч” шатахуун үйлдвэрлэдэг гэх яриа чих дэлсээд жилийн нүүр үзэж байна. Өөрөөр хэлбэл, сүүн дээр ус нэмэн арвижуулдагтай нэгэн ижил системээр монголчууд хуурамч шатахууныг мөн найруулж байгаа нь батлагдсан.

Энэ талаар Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр “2016-2017 онд керосин 89663 тонн, нафта 17022 тонныг Монгол Улсад оруулж ирсэн. Эдгээр нэмэлт бүтээгдэхүүнээр хуурамч шатахуун үйлдвэрлэж байгаа. Нийслэлийн Багахангай дүүрэгт байрладаг Трафигура гэх компани хуурамч шатахуун үйлдвэрлэж байгаа” хэмээн мэдэгдэж байсан билээ.

Тэгвэл сүүлийн үед хуурамч шатахууны яриа хүрээгээ тэлж, Төрийн ордонд яригдах болсон. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Керосиныг оруулж ирж түлш шатахуунд хольж байна. Том торхонд холиод, доогуур нь хуйлруулагч хийгээд хутгаад байж байдаг. Таны унаж байгаа машины моторыг будаа болгодог” хэмээн хэлсэн. Үүний дараахан Эдийн засгийн банйгын хорооны хурлын үеэр АМГТГ-ын дарга Б.Хэрлэн “Дотоодод хуурамч шатахууны үйлдвэрлэж байгаа эсэх асуудлаар тусгай ажлын хэсэг байгуулан ажилласан. Шалгалтаар дагалдах бүтээгдэхүүнүүдийг оруулж ирээд, энд холилт хийх замаар шатахуун хийсэн асуудал гарсан. Дээж авч шинжлэхэд стандартын бус байдал илэрсэн нь үнэн. Бид ажлын хэсгийн дүгнэлтээ УУХҮЯ-нд хүргүүлсэн” хэмээн мэдэгдсэн нь дээрх яриа худал биш гэдгийг баталсан юм.

Өдгөө харин салбар яам шалгалтын дүнг хэлэлцэж, хариуг нь олон нийтэд зарлах үлдээд байна.


Хууримч шатахууны талаар...

Керосин, хөнгөн фракцийн бензин буюу нафта, дистиллят, нүүрс-устөрөгчийн хольц гэх мэт 22 нэр төрлийн бүтээгдэхүүн шатахууны найрлагад багтдаг аж. Харин монголын зарим аж ахуйн нэгж, тэдэнтэй халаас нэгтэй гэгдэх улс төрийн томоохон бүлэглэлүүд улсын хилээр ямар нэгэн онцгой татваргүйгээр дээрх 22 нэр төрлийн бүтээгдэхүүнийг түүхий эд хэлбэрээр оруулж ирэн, хольж хутган хуурамч шатахууныг үйлдвэрлэн борлуулдаг байна.

Шатахуун үйлдвэрлэхэд ордог үндсэн болон нэмэлт бүтээгдэхүүн сүүлийн хоёр жилийн гаруйн хугацаанд 202 мянга гаруй тонн хилээр орж ирсэн гэх тоон судалгаа бий. Энэ жил л гэхэд 100,463 тонн хуурамч шатахуун үйлдвэрлэх хэмжээний бүтээгдэхүүн хилээр оруулж ирсэн гэх мэдээлэл байгаа аж.

Зөвхөн дээрх бүтээгдэхүүнүүдийг найруулж, шатахуун гаргаж авахаас гадна дизелийн түлш дээр керосин нэмж арвижуулан зардаг гэх мэдээлэл байгаа юм. Шатахуун дээр ч нафта нэмэн мөн л бензинийхээ чанарыг алдагдуулан арвижуулдаг гэнэ.

Хуурамч шатахуун үйлдвэрлэхэд ашиглагдаж байгаа 22 нэр төрлийн бүтээгдэхүүнийг шатахуун үйлдвэрлэхээс өөрөөр манай улсад бараг ашигладаггүй. Зэс угааж, боловсруулахад ашигладаг ч хувь хэмжээ нь маш бага байдаг гэнэ.