Б.Лхагважав: Түгээлтийн машиныг хязгаарлавал түгжрэл улам өсч ч магад

Нийгэм / Time Admin
2018 оны 10 сарын 25

Түгээлтийн машинуудын ажлын цагаар замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэрийн талаар МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Лхагважаваас тодрууллаа.

НИТХ-аас түгээлтийн машинуудыг өдрийн цагаар хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах санал гаргасан. Энэ асуудлаар НИТХ-ын даргад МҮХАҮТ-аас санал хүргүүлсэн. Саналд юу юу тусгагдсан бэ?

НИТХ-аас удаа дараа гарч байгаа шийдвэрүүд худалдаа, жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүс рүүгээ халдах, эрх ашгийг үл тоож, шийдвэрийг судалгаагүйгээр сэтгэлийн хөөрлөөр гаргаж байна. Нэг юмыг шийдэж байгаа нэрээр бүхэл бүтэн бизнесийн ертөнцийг харахгүй байгаа үйлдэл удаа дараа гарч байна. Үүний нэг хэлбэр нь түгээлтийн машинуудыг хязгаарлах шийдвэр.

НИТХ-ын дарга руу албан ёсоор санал явуулсан. Нэгдүгээрт, судалгааны ажил хийгдээгүй, хоёрдугаарт, худалдаа үйлчилгээний бизнест гарч байгаа технологийн өөрчлөлтийг ойлгохгүй байгааг анхааруулсан.

Тодруулбал?

Түгээлтийн машиныг хязгаарласнаар замын түгжрэл буурахгүй л дээ. Уг нь 2000 гаруй машины л асуудал байгаа. 20 мянга гэж ярьж байгаа нь буруу тооцоо.

Орчин үед бизнест гаргаж байгаа өөрчлөлт нь түгээлтийн асуудал. Өмнө нь 6000 гаруй дэлгүүр хоршоо 6000 машинаар бөөний цэгээс очиж бараагаа авдаг байсан бол одоо эсрэгээрээ болсон. 8000 гаруй дэлгүүр хоршоонд 2000 гаруй машин бүх дэлгүүрт бараа түгээж байгаа. 6000 нэгж цэгийн түгээлтийн хүндрэлийг үйлдвэрлэгч нар, бөөний цэгүүд өөрсдөө шийдвэрлэж өгсөн нь энэ.

Орчин үеийн худалдаа Е-худалдаа руу шилжиж байна. Е-худалдаа гол цөм нь түгээлт буюу логистик. Энэ асуудлыг компаниуд өөрсдөө шийдээд, өөрсдөө GPS-ээ суулгаад хөгжүүлээд явж байхад хажуугаар нь НИТХ-ээс санал оруулж ирж байгаа нь бизнесийн ертөнцөд юу болоод байгааг ойлгохгүй байгаа явдал юм.

Тэгэхээр дэлгүүрийн эздэд ч нэлээд хүндрэлтэй байх нь ээ дээ?

Замын гацааг байхгүй болгох нэрийн доор хийж байгаа боловч эсрэг үр дүнтэй болно. Ялангуяа бичил худалдаа эрхэгчдэд их том цохилт болно. Тэд ажлын бус цагаар буюу шөнө, өглөө үүрээр бараагаа хүлээж авах хэрэгтэй болно. Тэр зардлыг хэн гаргах вэ. Өглөө үүрээр эсвэл шөнийн цагаар ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хэн хангах вэ гэх мэт зовлон гарна.

Одоо тэгээд нэг том машины барааг 10 жижиг машинд хуваагаад зөөнө байх даа.

НИТХ-аас та бүхний тавьсан саналыг дэмжихгүй бол яах вэ?

НИТХ-ын дарга гишүүдэд дипломат ёсоор бид уг нь саналаа өгсөн. Харин ч бүр хүчтэй эсэргүүцэл үзүүлье гэж ярьж байгаад больсон. Хүчтэй эсэргүүцэл гэдэг нь ажил хийх бололцоо өгөхгүй юм бол түгээлтээ хийхээ больё гэж яригдаж байсан. Дэлгүүрүүд шинэ хүнсгүй, эсхүл бараагаа өөрсдөө очиж аваад байвал долоо хоноход л хэцүүдэж эхэлнэ. Эсхүл бүр түгээлтийн машинуудаа төв талбайд аваачаад орхиё гэх зэрэг хатуу шаардлага тавих саналууд ярьж байгаад зөөлрүүлж, судалгаа тооцоогоо дахиж хийгээд хамтран ажиллах санал НИТХ-д тавьсан. Бидний саналыг хүлээж аваад, шийдвэрээ эргэж харах байх аа гэж найдаж байна.