Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Яагаад та нар журмын дагуу шалгуулж болохгүй байгаа юм

Улс төр / Time Admin
10 өдрийн өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэж байна. Уг асуудлаар УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Өчигдөр 22.00 цагт над руу утасдаад Г танхимд байнгын хороо хуралдах гэж байна гэсэн. Би та нарын дотоод асуудлыг хэлэлцэх гээд шөнө дөл хүртэл хүлээж чадсангүй. Та нар хаалттай хуралдсан байна лээ. Намын бүлэг дээрээ саналаа нэгтгэчихээд яагаад хэвлэлээс хаалттай хуралдсан юм. Юу нуугаад байгаа юм. Прокурор УИХ-ын 4 гишүүн холбогдсон гэсэн. Хэн хэн гэдэг дөрвөн гишүүн холбогдсон юм бэ?

Ш.Раднаасэд: УИХ-ын гишүүд хаалттай хэлэлцэх санал гаргасан тохиолдолд хаалттай явуулдаг. УИХ-ын гишүүнээс тийм санал гаргаад байнгын хорооны гишүүдийн 80 хувь нь хаалттай явуулах ёстой гэж үзсэн.

Ц.Нямдорж: Мөрдөн байцаалтын шатанд багйаа хэргийг хаалттай хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Ялангуяа халдашгүй байдлын дэд хороо хаалттай хэлэлцэж, лавлах зүйл байдаг юм.

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Дөрвөн гишүүний асуудал яригдсан гэлээ. Тийм асуудал байхгүй болов уу гэж бодож байна. Ер нь гишүүдийн асуудал байгаа. Яг шалгагдаж байгаа гэвэл ганцхан Б.Батзориг сайдын асуудал бий. Шалгалтын явцад гишүүд холбогдох уу үгүй юу гэдгийг одоохондоо хэлэх боломжгүй.

Л.Болд: Халдашгүй байдлын дэд хороонд хамгийн их сонгогдсон гишүүд байгаа. Гэхдээ АН-ын олон сонгогдсон гишүүдийг гадна нь үлдээгээд МАН-ын таван гишүүн л орсон шүү дээ. Байнгын хорооны хурлуудад АН оролцсон нь үнэн. Гэхдээ танай нам өөрсдөө шийдвэрээ 100 хувь гаргаад л яваад байсан. Бид оролцсон, ажигласан.
УИХ-ын гишүүдийн асуудал яригдсан юм бол зарла л даа. УИХ ажлаа хийгээд шалгуулаад ингээд явж байгаа гээд ард түмнээ тайвшруул л даа. Юундаа нуугаад байгаа юм бэ?

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлыг хаа нэгтээ хөндөж ярих эрх үүрэг надад байхгүй. 

М.Оюунчимэг: Гишүүд янз бүрийн луйвар хийгээд идээд уугаад сурчихсан ийм байдлыг өөрчлөөд өгөөчээ гээд ард иргэд хүсээд байгаа юм. Төрийн өндөр албан тушаалтан ихээр мөнгө төгрөг завшсан гээд нэлээд хэдэн хэрэг яригдаад байгаа. АТГ, прокурор, шүүх яагаад үүний хажуугаар яваад байгаа юм. Яагаад нэг хоёр гишүүнийг ингэж хурдан оруулж ирээд шийдээд яваад байгаа юм.  Нийгэм шударга байдлыг хүсээд байна шүү дээ. Нэг хоёр хүн сольсноор байдал өөрчлөгдөхгүй. Тогтолцоогоо өөрчил өө гээд байгаа юм. Б.Батзориг сайдыг солиод дахиад нэг хүн тавина. Дахиад нэг хүн очоод л тэр аргаар ажиллаад л солигдоно. Ард нь луугарууд нь үлдэнэ. Нийгэм шударга ёсыг хүсээд байна.

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Таны яриад байгаа ард нь байгаа тогтолцоог өөрчлөх асуудал чинь эрх баригч нам та нарын хийх ёстой асуудал. Бүх асуудлуудад хэрэг үүсээд шалгаж байгаа. Хөгжлийн банк, АСЕМ бүх асуудлыг шалгаж байна. Та нарын баталсан хуулиар шалгаад болохгүй байна. Чи хорьсонгүй гээд надад хэлээд байна. Би та нарын баталсан хуулийг хэрэгжүүлээд ажлаа хийж байгаа. Хууль зүйн сайд бас хэргүүдийг шалгахад оролцох боломжгүй. Эрх ч байхгүй. Хууль зүйн сайд хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтад оролцох эрхгүй. Прокурор хийдэг юм. Прокурорын ажилд хэн ч хөндлөнгөөс оролцдоггүй юм. 

Шударга ёс гэдэг чинь энэ танхимаас тогтоох ёстой юм. Яагаад та нар журмын дагуу шалгуулчихаж болохгүй байна. Энэ чинь шударга ёс мөн юм уу? Жирийн иргэн, УИХ-ын гишүүнийг шалгах өөр шүү. Бүрэн эрхийг нь яагаад түдгэлзүүлэхгүй байгаа юм. Сайдын тушаалын дагуу ажлаа хийсэн хүн тэнд хоригдоод шалгагдаж байна. Харин үүрэг өгсөн тушаал гаргасан хүн нь энд байж байна.

Хуульзүйн сайд Ц.Нямдорж: Ерөнхий прокурорын хэлж байгаа үнэн. Хууль нь болохгүй байна гэж. Хэргүүд дээр авлига албан тушаалын хэрэг үүсгээд шалгаад ажлаа хийгээд явж байгаа шд. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар прокурорт бүх эрх мэдлийг нь өгчихсөн юм билээ. Миний зүгээс Цагдаагийн тусламж хэрэгтэй бол тусламж үзүүлж болно гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ цагдааг хөдөлгөхөөр цэрвээд, надтай нэр холбогдох вий гэж бодоод байх шиг байгаа юм. Гэхдээ би айдгаа авдартаа хийчихсэн хүн. 

М.Оюунчимэг: Та том дуугараад загнаад л байна. Аргагүй юм байна. Танд бүх эрх мэдлийг чинь бид хуулиараа олгочихсон юм байна. Гэхдээ та бидэнд ажлаа тайлагнах ёстой. Та битгий том дуугараад бай. Тэгвэл бид нар өөрчлөөд өгье.

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Та загнаад байна гэж хэллээ. Уучлаарай. Би угаасаа ярихаараа чанга дуутай хүн юм. Бүх хуулийн төсөлд прокурор санал өгсөн. Бидний саналын гурван хувь нь л хуульд орсон шүү. Эрүүгийн бодлогын асуудал унасан шүү.