Хүүхдээ хэлд ороход нь хэрхэн туслах вэ

01. Ухаан орсон хойно хүүхэдтэйгээ харилцаж эхлэнэ дээ гэж боддог бол оройтно шүү. Бүр нярай багаас нь зөв тэврэх, зөв бүүвэйлэх, зөв хооллох, зөв зохистой унтуулж сургах чинь л их том харилцаа байж таарна.

02. Алгаа таших, сарвалзах зэрэг ямар нэгэн хөдөлгөөн хийгээд эхлэвэл тэр болгоныг нарийн ажиглаж бай. Тэрийг нь давтан хийж үзүүл. Тэр чинь бас л цаашдын харилцааны их том сэжим болно. Тэгээд өөрийг чинь алга ташихад хариу алга таших, сарвалзах, баяртай гэж дохих зэргээр давтсан хариу үйлдэл хийвэл харилцааны бат бөх сэжим тогтож байгаагийн илрэл.

03. Аа уу гэж гунганан шулганах, ялангуяа баа баа, мамь гэх мэт утгагүй авиа хэлж байвал тэрийг нь давтан хэлж харилцааныхаа сэжмийг улам бөхлө.

04. Хүүхдийн хөөрхөн дуу тавьж өгөхөд баясан хөхрөх, сарвалзах нь өөрийгөө маш сайн илэрхийлж байгаагийн илрэл. Өөрийн нас сэтгэхүйдээ тохируулан өөрийгөө илэрхийлэн яриад байгаа хэрэг гэдгийг ойлгоорой. Тэрийг олонтоо сонсгох явцад тэр дуун дотроосоо ганц нэг үг сураад, дууны аяны дагуу хэлэх гээд байгаа нь харилцаа улам лавшраад байгаагийн илрэл.

5. Тэгээд аав, ээж гэх мэт ганц нэг үг хэлээд эхлэвэл тэрийг нь боломж гарсан үед давтаж хэлээд байгаарай. Мэдээжийн хэрэг бага насны хүүхэд заасан дагуу сурчихна гэж юу байхав. Уйгагүй зөнгөөр нь ганц нэг удаа ч болов давтан хэлээд байх хэрэгтэй.

06. Миний энд ийм олон юм бичээд байгаагийн гол учигийг одоо тайлах гэж байна. Энэ мэт багаас нь санаа тавин харилцсаны үр дүнд эцэг эх нялх хүүхдийн хооронд тогтсон бат бөх харилцааны илрэл болох хэлсэн ганц нэг үгийг чинь өөдөөс тоть шиг давтаад байдаг болчихвол хэл сурах тал дээр хүүхэд чинь хөлд орж байгаагаас өөрцгүй том дэвшил гарч байгаа хэрэг юм шүү.

07. Энэ шатны эхний үед аав, ээж, ах, эгч, өвөө, эмээ гэх мэтээр дан дан үгнүүдийг хэлүүлээд байх хэрэгтэй. Мэдээж яг таг цэвэр хэлж чадахгүй л дээ. Эсвэл өөрийнх нь чаддаг үгнүүдийг хэлүүлээд чаддаггүй хэцүү үгнүүдийг орхиж болно.

08. Тэгээд "ид", "уу" гэх мэт үйл үг хэлж чаддаг ойлгодог болсон үед аав уу, ээж уу, ах уу, эгч уу
гэх мэт холбоо үг маягтай хэлүүлж болох юм. Баяртай гэдэг үг сурсан байлаа гэхэд "Аав баяртай", "Ээж баяртай" гэх мэт давтуулан хэлүүлээд байгаарай. "Аавдаа хайртай", "Аавд хайртай" гэж хэлж чадахгүй. Эхний үед юу болохыг ойлгохгүй л дээ. Тийм болохоор тэдний хэлэхэд эвтэйхнийг бодоод "Ааваа хайртай", "Ээжээ хайртай" гэж хэлүүлж сургасан байхад яваандаа нэг л мэдсэн "Аавдаа би хайртай даа" гээд тийн ялгал төдийгүй сул үгнүүдийг хүртэл чөлөөтэй хэлдэг болсон байх вий.

09. Энэ шатнаас хойш хүүхдэдээ заах хэрэггүй аяндаа маш хурц хэлтэй сайн ярьдаг охид хүүхдүүд гүйлдээд эхлэх вий. Үнэндээ 2-3 настай "Аа уу" гэсэн хүүхдүүд энд тэнд таардаг болсон байна лээ шүү. Түүний шалтгаан нь хүүхдэд биш эцэг эхчүүд гар утас өгөөд томоотой байлгах гээд харилцахгүй байснаас үүдэлтэй байж таарна.

10. За та бүхэнд тиймэрхүү асуудал байдаг бол энэ аргыг туршаад үзээрэй. Гол нь өөрөө уйгагүй, тэвчээртэй, ухаалаг, ажигламтхай байх хэрэгтэй шүү. Хүүхэдтэйгээ байнга харилцсаны үндсэн дээр хэлсэн болгоныг давтан хэлдэг болгоод сургачихад л энэ аргын амин сүнс байгаа юм шүү.

11. Хэл ярианы хөгжил сул тааруухан хүүхэд байвал бичлэгийг нь мессенжер рүү ирүүлээд зөвлөлгөө авч болно. Хүүхдээ гар утас өгч томоотой байлгах гэсээр 6 нас хүртэл хэлд оруулалгүй зөнгөөр нь орхичихсон аав ээж над дээр дагуулан ирж билээ. За та бүхэнд амжилт хүсье.


Хүүхдийн хүмүүжил, хөгжлийн талаарх мэдээ мэдээллийг унших бол та нийтлэлч Д.Болдбаатарын хөтөлдөг "Эмээгийн хайр" фэйсбүүк групт нэгдэнэ үү.