Засаглал ба Иргэдийн оролцоо

Нийтлэл / Time Admin
2018 оны 11 сарын 16

Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Туул тосгон буюу Биокомбинат. Орчин нь том оврын болон хүнд даацын олон машины хөлд дарагддаг орчин нь сүйдэж, өвдгөөр татсан битүү цагаан тоосон дунд алхаж, ажил, сургууль, цэцэрлэг рүүгээ явахын аргагүй болсон байв.

Төр засгаас анх карьеруудад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгөхдөө харамсалтай нь энд амьдарч байгаа 5000 хүний амь амьдралыг тооцож үзсэнгүй. Мөн иргэдийн төр захиргааны байгууллага руу илгээсэн гомдол, асуудлыг нь ч шийдэж өгсөнгүй. Карьерын удирдлагуудтай уулзуулахгүй байсан учраас иргэд жолооч нарыг хааж тэмцэж байж уулзаж чадсан юм.

Карьеруудын тоосонд дарагдснаас болж хүн байтугай мал амьдрахын эцэсгүй болж иргэд эрүүл мэндээрээ хохирч, малын бэлчээрээ талхлуулж цөхөрч байлаа. Тиймээс амьдрах орчныг нь сүйтгэж, эрүүл мэндэд ноцтой аюул учруулж буй машинуудыг явуулахгүй байх тал дээр иргэд өөрсдөө сайн дураараа нэгдэн нийлж, улмаар “Шинэ суурьшил, эрүүл аюулгүй орчин” гэх төрийн бус байгууллагыг байгуулж, “Энд тээвэрлэлт маш замбараагүй байна, бид маш их тоос, тоосжилтод дунд амьдарч байна” гэх агуулга бүхий иргэдийн гарын үсэгтэй хүсэлт, албан бичгийг холбогдох хороо, дүүрэг, нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага руу илгээж эхэллээ. Туул тосгоны иргэд эрхийнхээ төлөө ийнхүү дуугарч эхэлсэн юм.

 Хот руу орж ачаагаа буулгачихаад ирж байгаа, тээвэрлэлт ачаад ирж байгаа хоосон машинуудыг зогсооход хоёр талд бараг 200 гаран машин эгнээд зогсдог байв. Тиймээс иргэд хороондоо хандаж, ИНХ-ыг хуралдуулах санал тавьж, “Замыг хаамаар байна. Том оврын авто машинуудыг замаа зассан тохиолдолд л явуулья” гэсэн албан ёсны шаардлагыг төрийн бус байгууллагын нэрийн өмнөөс бүх карьеруудад хүргүүлэв. Мөн түүнчлэн холбогдох дүүрэг, МХГ-т албан бичиг хүргүүлэв. Иргэдийн саналын дагуу ИНХ хуралдаж, тоосжилт хэдхэн иргэнд хамаатай асуудал биш, 13 дугаар хороо тэр чигээрээ тоосжилтод өртөж байна гэж үзэж, 2016 оны 05 дугаар сарын 04-нд ИНХ-ын тогтоол гаргав.

 

Тогтоолын дагуу иргэд замыг хааж, 45 хоногийн ээлжийн хуваарийг гаргав. Энэ хугацаанд карьеруудын удирдлагууд ирж, иргэдтэй уулзаж, замыг яаж засах талаар иргэдийн саналыг сонсов. Мөн нийслэл, дүүргээс тусгай ажлын хэсэг гарч ажиллаж, карьерын компаниудад хатуу хучилттай зам тавьж өг, тэгэж байж тээвэрлэлт хийлгэнэ гэсэн хэлэлцээр хийв. Хэлэлцээр үр дүнгээ өгч, 25 карьер нийт 25 сая төгрөгийн өртөгтэй 50:50 куб талбайд хоёр км газар хатуу хучилттай авто зам тавих ажил эхэллээ.

Зам тавигдсанаар тоосжилт багасав

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан байдаг. Тэгвэл Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгүй байсан иргэд ийнхүү нэгдэн гурван жилийн турш тоос шороон дунд тасралтгүй тэмцэж чадсаны үр дүнд 500 орчин сая төгрөгийн хөрөнгийг хувийн хэвшлээс гаргуулж, 1,8 км-ийн хатуу хучилттай замтай болсноор амьдрах орчноо тодорхой хэмжээнд сайжруулж чадсан юм. Ийм үр дүнд хүрэхийн тулд иргэн бүрийн оролцоо маш чухал байсныг оршин суугчид онцолж, ямар нэг асуудлыг иргэд олуулаа санал нэгдэн зохион байгуулалттай гаргаж ирвэл үр дүнд хүрч чадна хэмээн ярьж байсан юм.

Иргэдийн тэмцэл үргэлжилсээр байлаа.

Тэд хоёр ч удаа 800 гаруй иргэний гарын үсгийг цуглуулж, УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлэв. 2016-2017 онд мөн 2018 онд Байнгын хорооноос таван төрлийн чиглэл бүхий тогтоол гаргав. 13 дугаар хорооны иргэдийн дуу хоолой төрийн өндөрлөгүүдэд хүрч, хорооныхоо ИНХ-ын тогтоолоос эхлүүлээд дүүргийн болон нийслэлийн Засаг даргын захирамж, УИХ-ын Байнгын хорооны тогтоолоор бодит ажил хэрэг болон өрнөсөн билээ. Энэ бүгд нь цаг наргүй, өдөр шөнөгүй, хонон өнжин эрүүл аюулгүй орчныхоо төлөө тэмцсэн иргэдийн хөлс хүч хөдөлмөрийнх нь үр шим юм.

Дүүргийн болон нийслэлийн ажлын хэсгүүдийн шалгалтын дүнг үндэслэн Нийслэлийн засаг дарга С.Батболд 2017 онд Туул голын хамгаалалтын бүсэд олгогдсон 96 лицензийг цуцлах захирамж гаргав. Эдгээрээс 33 карьер 13 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг байв. Карьеруудын лицензийг цуцалснаар хайрганы олборлолт зогсох нөхцөл бүрдсэн юм. Тэдний тэмцэл үргэлжилсээр Иргэд одоогоор шинээр газар олгуулахгүй байх, хууль бусаар гол дагаж үйл ажиллагаа явуулсаар байгаа карьеруудыг зогсоох, нөхөн сэргээлт хийлгүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөн ажиллаж байна.

Иргэд өөрсдийн санал санаачлагчаар, идэвх оролцоогоор эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ сэргээсэн, амьдрах орчноо сайжруулж тодорхой үр дүнд хүрч чадсан нэгэн жишээг өгүүллээ. Засаглалыг сайжруулахад иргэн бүрийн бодит оролцоо хамгийн чухал юм.

Төр захиргааны байгууллагын шийдвэрийг гаргуулж чадсан байна. Тус орчноор машинаар тээвэр эрхэлдэг компаниудаас хөрөнгө гаргуулан замыг нь хатуу хучилттай болгуулж чадсан сайн туршлага юм. Энэ зам нь тийм дардан байгаагүй ч тэдний нэгдэл, тэсвэр хатуужил үр дүнг авчирч чадсан юм.

"ЗАСАГЛАЛД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧДИЙН ОРОЛЦОО-2018" ХӨТӨЛБӨРИЙН ОРОЛЦОГЧИД