Нүүрс тээвэрлэсэн машинуудыг хоёр эгнээгээр явуулж байна

Эдийн засаг / Time Admin
2018 оны 11 сарын 20

ЗТХЯ болон АТҮТ-өөс томилогдсон ажлын хэсэг Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод шуурхай зохицуулалт хийж байна. Тус боомтын чиглэлд үүсээд байгаа нүүрс тээврийн цуваа, оочер дарааллыг шийдэх үүднээс ачаагүй тээврийн хэрэгслүүдийг Оюутолгойн замаар явуулахаар зохион байгуулжээ. 

Мөн Гашуунсухайтын авто замын эсрэг чиглэлийн хөдөлгөөнийг түр хааж, Цагаанхадны гаалийн бүсэд буулгах ачаатай тээврийн хэрэгслүүдийг 2 эгнээгээр явуулахаар зохион байгуулаад байна. 

Ингэснээр урсгал сөрж аваар осол гарах зэргээс сэргийлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахаас гадна урт цуваа оочер үүсгэхгүйгээр шуурхай зохицуулалт хийж байна хэмээн Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Хятадын тал өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн Монголын талаас нүүрс ачсан машинуудыг хилээр нэвтрүүлээгүй. Энэ нь "Ухаалаг гарц" хэмээх хилийн технологийн шинэчлэлтэй холбоотой хэмээн албаныхан тайлбарласан юм. 

Хятадын тал нүүрс татахгүй байгаагаас шалтгаалж өчигдрийн байдлаар нүүрсний тээврийн цуваа 180-200 км-т хүрсэн гэх албан бус мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсан билээ.