Монголын хөлбөмбөгийн холбоо Азийн шилдэг холбоодын нэг боллоо

Спорт / Time Admin
2018 оны 11 сарын 29

Азийн Хөлбөмбөгийн Холбооны шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа Оман улсын Мускат хотноо өчигдөр/2018.11.29/ зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээгээр 2018 онд бусдаасаа онцгойрсон, амжилт бүтээлээрээ тэргүүлсэн тоглогч, дасгалжуулагч, холбоодыг алдаршуулдаг уламжлалтай.

Энэ удаад Монголын Хөлбөмбөгийн Холбооны 2018 онд гаргасан амжилт, хийсэн ажлуудыг дүгнэж, Япон болон БНАСАУ-ын хамтаар “Оны шилдэг холбоо” шагналын эздийн нэгээр зарлалаа.

Монголын Хөлбөмбөгийн Холбоо нь 2018 онд олон улсын томоохон тэмцээн уралдаануудыг амжилттай зохион байгуулж, нийгмийн хариуцлагын хүрээнд хэд хэдэн үйл ажиллагааг явуулсан нь ийнхүү тивийн хэмжээнд хүрсэн гэдгийг тус шагнал баталлаа. Мөн Зүүн Азийн АШТ-ий эхний шатнаас түүхэндээ анх удаа эрэгтэй эмэгтэй баг шалгарч, Футзалын 20 хүртэлх насны шигшээ баг тивийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг наймд багтсан нь ч тус шагналыг хүртэхэд томоохон нөлөө үзүүлсэн байна. Азийн Хөлбөмбөгийн Холбооны тэргүүлэгчид Монголын Хөлбөмбөг хурдацтай хөгжиж байгааг онцолсон бөгөөд Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч А.Ганбаатарыг Азийн Хөлбөмбөгийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн болсонд дахин баяр хүргэсэн юм.

Дашрамд дуулгахад ирэх сарын 12-ны өдөр уламжлал болсон Монголын Хөлбөмбөгийн оны шилдгийг тодруулах “Алтан Бөмбөг” ёслолын ажиллагаа явагдах юм. Тус шагнал гардуулах ёслолын гол зочноор дэлхийн домогт хөлбөмбөгчин Данийн шигшээ баг болон Английн Манчестер Юнайтед багийн тоглогч асан Петер Шмейхел хүрэлцэн ирэхээр болсон байна.