Ч.Батбаяр: Хүмүүс өнөөдрийн аз жаргалыг үл анзааран, ирээдүй рүү яарч байна

Энтертайнмент / Time Admin
2018 оны 01 сарын 16

Нэгдүгээр сарын 26-нд нээлтээ хийх "Бумеранг" антологи киноны зургаан найруулагчийн нэг Ч.Батбаярын "Эцэг" киног танилцуулж байна.

Найруулагч бидний өдөр тутмын амьдралд тохиолддог түгээмэл хэрнээ хүмүүс тэр бүр  анзааралгүй өнгөрөөчихдөг агшныг бүтээлдээ тусгажээ.

Найруулагч Ч.Батбаяр

-Та киноныхоо гол санааг "Хүмүүс ирээдүйнхээ төлөө яаран өнөөдрийнхөө аз жаргалыг умартдаг" гэх үгсээр илэрхийлснээ дэлгэрүүлээд ярихгүй юу?

-Хүмүүс өдөр шөнөгүй ажлын хойноос, тэр дундаа мөнгөний хойноос явж байна. Гэвч бидэнд хамгийн гол нь өнөөдрийн аз жаргал хэрэгтэй. Маргааш юу ч болох билээ. Хүний эцэг эх мөнх бус шүү дээ. Эцэг эхээ мэнд байгаа үед нь үр хүүхэд нь байнгын холбоотой, уулзаж байгаасай гэсэн санааг кинондоо тусгасан. Залуучууд аав ээжтэйгээ утсаар л ярьж, дансаар мөнгө шилжүүлснээ хангалттай гэж боддог.

Өнөөдрийн хөгжил, цахим сүлжээ зэргээс хүний амьд харьцаа хайртай бүхнээс нь холдуулж байгаа нь үйлийн үр юм даа.

Амьд харьцаагүй, хүн хүнээ гэсэн сэтгэлгүй, бие биеэ хайрлахгүй, хамтдаа халуун хоол цай идэж, ярилцаж суух нь ховорджээ.

Ийм нандин агшныг, хүн хүнийхээ хамгийн гол аз жаргалыг мартчихдаг. Хүмүүс ирээдүйд л бүх зүйл сайхан болох мэт яардаг. Үүнийг залуус хүлээн зөвшөөрөх байх. Киног маань үзсэн зарим хүн ээж аав руугаа очмоор санагдаж байна гэж хэлж байсан.

Кинонд маань олон үйл явдал гарахгүй, хэлэх санаа нь чухал, нийгэмд хэрэгтэй. Нийгэмд хамгийн их болчихсон мөртлөө анзаарахгүй байгаа явдал.

-Нөгөөтэйгүүр үр хүүхэд нь аавтайгаа тэгж харьцаж байгаа нь эргээд аав нь залуудаа үр хүүхдээ хайхардаггүй байсны үйлийн үр байж болох уу?

-Магадгүй. Энэ кинонд хоёр талыг харуулж байна. Нэг талаас хүүхдүүд нь яасан өөдгүй юм бэ гэж бодож болох ч нөгөөтэйгүүр аав нь залуудаа ажил ажил гэсээр хүүхдүүддээ аавын халамж бага үзүүлснээс хөндий болсон байж болно.

Эрийг нас уулыг цас гэдэг шиг энэ амьдралыг босгох гэж зүтгэж үр хүүхдээ хүний дайтай өсгөсөн эцэг хүн насны сүүлд эмэгтэй хүнтэй харьцуулахад илүү их ганцаардах тал байдаг. Эх хүн их яригдаж эр хүн хоцрох тал байдаг. Эр хүн цагаа тулахад их эмзэг гаднаасаа хатуу хөтүү харагддаг. Киног үзээд хүн бүр өөрийнхөөрөө дүгнэх байх.

"БУМЕРАНГ"-ААС ЗУРГААН ӨӨР МЭДРЭМЖИЙГ...

2018.01.26-ны өдрөөс КИНОТЕАТРУУДЫН ДЭЛГЭЦНЭЭ