О.Итгэл: Театрын урлагийн амин сүнс нь уран бүтээлчдийн “Сэтгэл” юм

Ярилцлага / Time Admin
2018 оны 01 сарын 16

УДЭТ-ын туслах найруулагч, жүжигчин О.Итгэлтэй ярилцлаа. 

-Хамгийн сүүлд та "Адууны түүх" жүжиг дээр ажилласан. Яагаад заавал 18-р зуунд бичигдсэн зохиолоос сэдэвлэсэн энэ жүжгийг тавихаар болсон бэ. Жүжигт гарч буй адууны дүрээр хүний явдлыг үзүүлсэн нийгмийн амьдрал Монголын өнөөгийн нийгэмтэй ямар нэгэн байдлаар шүргэлцэж байгаа хэрэг үү?

Тэгэлгүй яахав. Л. Н. Толстойн 18-р зуунд бичсэн зохиолыг сүүлд М. Розовский жүжгийн зохиол болгосон. Тэр цагаас хойш олон улсын нэрт найруулагч нар тавих гэж сонирхсон байдаг. Түүнээс гадна манай Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Баатар найруулагч маань уг жүжгийг 30 жилийн өмнө оюутан байхдаа үзэж байсан түүхтэй. Тэгээд одоогоос 10 жилийн өмнө тавина гээд бодчихсон байжээ. Өөрийнх нь олон жил бодсон, хүсэж мөрөөдөж байсан жүжиг нь учраас, мөн цаг үеийн байдал ингэж таарч энэ жүжгийг тавихаар болсон юм. Жүжгийн тухайд адуугаар хүнийг элэглэж байгаа юм. Адуунд элэглэгдсэн хүмүүний амьдрал. Бид задаргаанд олон юм ярьсан л даа. Одоо чинь монгол хүн монгол морио уралдуулахаа больчихсон байна. Гадаад угшилтай морь уралдуулдаг болчихсон байх жишээтэй ч юмуу. Иймэрхүү маш олон санааг дэвшүүлж ярилцсаны үндсэн дээр бид нэг шийдэлд хүрсэн нь “Адуунд элэглэгдсэн хүмүүний амьдрал” гэсэн санаа юм. 

-Энэ жүжиг Орос болоод Европын хэд хэдэн улсын тайзан дээр тавигдаж байсан түүхтэй гэдэг. Харин Азид анх удаа УДЭТ-ын тайзнаа тавигдаж байна. Бусдаасаа юугаараа өөр болоод онцлогтой вэ?

Судалгаа хийж байхад Холстомер гэх энэ жүжгийг дандаа л мундагууд тавьсан байдаг юм билээ. Герман, Польш, Орос, Америк зэрэг улсын театруудад тавьж байсан. Тавилтууд нь маш олон төрөл байдаг. Дуурь, мюзикл, бүр моно хэлбэрээр тавигдсан нь хүртэл байдаг. Түүнээс гадна найруулагч хүний амбиц гэж юм байна л даа. Ганц удаа уншаад ойлгоход хэцүү жүжиг байсан л даа.

Ерөнхий зураачтайгаа ярилцаад  хувцаслалт, нүүр хувиргалтын хувьд өвөрмөц байлгахыг зорьсон. Хүнийг адуу болгохын тулд тайзны хөдөлгөөнөөр шийдсэн. Тайзны хөдөлгөөн түлхүү орсон. Үгийн үйлдэл, биеийн үйлдэл давхцсан зүйлүүд их байсан. Ерөнхийдөө хөдөлгөөн ихтэй. Нэг ёсондоо адууны түүх учраас. Текстүүдийг цөөлж купердсэн. Гол утга санаа, гол текстүүдийг бариад, үйлдлээр илэрхийлэх гэж хичээсэн. Манай хөдөлгөөний найруулагч Соёлын тэргүүний ажилтан Г.Ганочир ах маань тэр байдлаас нь хөдөлгөөнийг маш сайн тавьсан байгаа. Найруулагчийн гол гол шийдлүүд байна л даа. Тайзны голд ганц дов байх жишээтэй. Энэ бол зөвхөн Холстомерийн дов. Сүүлд нь энэ довоо хоёр гол дүр нь хоёр талдаа зүйрлэж ярих жишээтэй гэх мэт. 

-Жүжгийн гол үзэл санаа юунд байна вэ. Үзэгчдэд юуг хэлэхийг зорьсон бэ?

Хүн хүн шигээ амьдарч чадаж байна уу? Адгуус хүнийг элэглээд байна. Адгуус, адгуусаараа амьдраад адгуусаараа л төгсөж байхад хүн хүн шиг төгсөж чадаж байна уу? Гол дүрийн баатар Холстомер маань адуу шиг амьдраад л үхэж байгаа. Харин хүн бол адгуус шиг болчихжээ. Хүн, хүн биш болчихсон, эрх мэдэлд хэтэрхий их шунасан, ёс суртахуунгүй болсон гэх мэт. Гэхдээ хүний амьдралыг адгуусаар зүйрлэн элэглэж байгаа ч Монголчууд маань мориндоо элэгтэй ард түмэн учир тэр талыг ерөөсөө сөхөөгүй юм шүү. 

-Ер нь драмын урлагийн мөн чанар, амин сүнс юунд оршдог вэ. Таны бодлоор?

Яасан хэцүү асуулт вэ? Театр бол хамтын урлаг. Зөвхөн найруулагч, жүжигчин гэлтгүй тайз, гэрэл, арын албаныхан гээд маш олон хүмүүс ажилладаг. Улсын ажил гээд зүгээр нэг сонирхлоороо ажиллаж байгаа юм. Амин сүнс гэвэл уран бүтээлчдийн “Сэтгэл” л юм болов уу. Бүгд зүрх сэтгэлээ нэг зүгт хандуулж байж, нэг зүйлийн төлөө байж уран бүтээл төрдөг. Хэчнээн авьяастай мундаг жүжигчин байгаад сэтгэлгүй бол тэр хүнээс юу ч гарахгүй. Миний бодлоор л их сэтгэл шаарддаг мэргэжил шүү дээ. Дүрийн сэтгэл, хийгээд бүх зүйлийг өөртөө шингээж авсны дараа тайзан дээр тухайн дүрийг бүтээж үзэгчдийн хүртээл болгоно гэдэг.

-Манайд Соёл урлагийн их сургууль театрын жүжигчин, найруулагч, жүжгийн зохиолчид, тайзны зураач, судлаач шүүмжлэгч нарыг бэлтгэн гаргадаг. Бидний боловсролын системийн давуу тал болоод сул талыг та юу гэж бодож байна. Бид чанартай уран бүтээлчид бэлтгэн гаргаж чадаж байна уу. Та бас СУИС-д багшилдаг шүү дээ. 

Би 2014 онд хуучнаар Санктпетербургийн Театр урлагийн академи гэж байсан одоо Оросын тайз дэлгэцийн урлагийн сургууль болсон. Тэнд жүжигчин найруулагчаар төгсөж ирсэн. Одоо Драмын театртаа туслах найруулагч. Мөн СУИС-ийн Театрын урлагийн сургуульд тайзны хөдөлгөөний багшаар ажилладаг. Би өөрөө залуу багш учраас надад хамгийн чухал асуудал бол заах арга зүй юм. Онолоо бол мэдээд байгаа юм. Үүнийгээ яаж оюутнууддаа хүргэх вэ? Яаж дурлуулах уу? Драмын мэргэжлүүд ер нь дурладаг мэргэжил учир багш нарын хувьд бол арга зүй их чухал л даа. Яаж хүсэл эрмэзлэлтэй болгох вэ? Тэр л хамгийн чухал. Янз янзын л асуудал байна. Нөгөө талаас манай оюутнуудын хандлага янз, янз байх жишээтэй. Янз янзын материалтай хүүхдүүд орж ирдэг. Өнөөгийн нийгмээ дагаад ч юмуу оюутнууд маань зарим нь аргацаасан байдалтай ч юм уу, тийм сэтгэхүйтэй орж ирдэг. Мөн нөгөө талаас нэг жилд хэтэрхий олон хүүхэд жүжигчний мэргэжлээр суралцахаар орж ирж байна. Жүжигчний дөрвөн анги нийлээд 160 хүүхэдтэй байлаа гэхэд 7хоногт хүүхэд бүртэй тулж ажиллана гэдэг хэцүү. Би ч гэсэн одоо суралцаж л явна. Жүжигчнийхээ хувиар ч тэр, багшийнхаа хувиар ч тэр. Ер нь суралцаж ханахгүй байх аа./инээнэ/ 

-Өнөөдөр сонгодог урлагийг хүмүүс хэр үнэлж байна вэ?

Бид одоо ч сонгодог жүжгүүд тавьсаар байна. Өмнө ч зөндөө жүжиг тавьж байсан. Миний бодлоор хүмүүс сонгодог жүжгийг 100 хувь сонгодог хэлбэрээр нь хүлээж авч чадаж байгаа гэж хэлж чадахгүй. Бид өөрсдийн гэсэн ахуйтай, өөрсдийн гэсэн ёс заншилтай ард түмэн учраас. Гэвч мэдээж тодорхой хэмжээний байнгын үзэгчидтэй болсон байна. түүнийгээ дагаад  театрыг үзэж байгаа хүмүүс соёлтой, мэдлэгтэй болсон байна. Мөн сонгодог урлагт, театрт дурладаг үзэгчид ч цөөнгүй болсон байна. 

-Үзэгчид хэр соёлтой болсон байна вэ?

Хөгжиж байна, сайжирч байгаа. Ер нь наад зүйл чинь хувь хүмүүсийн ухамсраас л шалтгаална шүү дээ. 

-Таны болон танай хамт олны цаашдын уран бүтээлийн төлөвлөгөө? 

Энэ жил уран бүтээлийн хувьд маш шаргуу төлөвлөгөөтэй ажиллах хандлагатай байна. Драмын театр олон шинэ бүтээл үзэгчдэд хүргэх төлөвлөгөөтэй байгаа. Зарим уран бүтээлийн бэлтгэлдээ аль хэдийн орчихсон явж байна. Шинэ уран бүтээлээс гадна ирэх гуравдугаар сард сонгодог жүжгүүд тавигдана. Дөрөвдүгээр сард инээдмийн жүжгийн сар гэж Драмын театр шинээр нээх гэж байгаа. Тавдугаар сард “Гэгээн Муза” гэх мэт, ерөнхийдөө маш шахуу төлөвлөгөөтэй байна. 

-Урлаг нийгмийн толь гэдэг шүү дээ. Тэр тусмаа тухайн улсын сонгодог урлаг хэр хэмжээнд хөгжсөн байна түүгээр нь хүмүүсийн боловсролын түвшин, цаашлаад зах зээл, эдийн засаг, нийгмийн байдлыг нь хүртэл дүгнэчхэж болдог. Яг одоогоор драмын театрт тулгамдаад байдаг гол асуудал юу байна вэ? Түүнийг шийдвэрлэснээр ямар өөрчлөлт гарна гэж бодож байна?

Манайд драмын урлагийн ганц театр байна. Хуучнаар Хүүхэд залуучуудын театр, Цэргийн армийн театр гэж байсан. Товчхондоо өрсөлдөгч алга. Өрсөлдөөн байхгүй алга. Мэдээж бид чадлаараа ажиллаж байгаа. Шинэ шинэ уран бүтээлүүдээ үзэгчдэд хүргэхээр зорьж байна. Магадгүй өрсөлдөөн хэрэгтэй, шинэ театр хэрэгтэй. 

-Ярилцсанд баярлалаа.

Н.Даваасүрэн